ХЭНТИЙ: Шинэ стандартын 250 айлын орон сууцыг барина

Aдмин / Орон нутаг

Хэнтий аймаг 1300 айлыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 250 айлын “Хэнтий стандарт” хорооллыг төр, хувийн хэвшилтэй хамтран бүтээн байгуулахаар өнөөдөр барилгын шавыг тавилаа. Тус бүтээн байгуулалт гурван жил үргэлжлэх бөгөөд орон нутагт хотын жишиг хорооллын дагуу барих анхны хороолол болохоороо онцлог бөгөөд хямд үнэтэй, чанартай байхыг эрхэм зорилго болгон ийнхүү эхлүүлж байна. Хэнтий аймагт сүүлийн 10 жилд орон сууцны эрэлт хэрэгцээ нэмэгдэж, тэр хэрээр орон сууцны хотхон, хороолол барьж байна.

Аймгийн ИТХ-ын шийдвэрээр "Хэнтий Орон сууц" ОНӨҮГ-ыг байгуулан үүгээр дамжуулж төр, хувийн хэвшлийн хамтарсан бүтээн байгуулалт өрнөсөөр байна. 2022 онд 60 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан бол 2023 онд 150 айлын орон сууц ашиглалтад орох гэж байна. Энэхүү “Хэнтий стандарт” 250 айлын орон сууцны захиалагчаар "Хэнтий Орон сууц" ОНӨҮГ, хамтран ажиллагчаар Хэнтий аймгийн ЗДТГ, гүйцэтгэгчээр "Эм Си Эс Си" ХХК ажиллах юм.

Хэнтий аймагт орон сууцны шинэ стандартыг нэвтрүүлэх зорилготой тус барилгын хувьд зургаа болон 10 давхар нийт 10 блок барилга барих аж. Бүрэн угсармал хийцтэй, цахилгаан шаттай, шилэн фасадтай, автомашины гарааштай, хотхоны дунд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжтай, авто зогсоолыг хорооллын гадна талд шийджээ. Энэхүү орон сууц барьж байгаа газрын тухайд Нэгдсэн эмнэлгийн баруун талд нийт 500 айлын орон сууцны төлөвлөлт хийсэн газар ба эхний ээлжид ийнхүү 250 айлын орон сууцыг 2-3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр болжээ.

"Эм Си Эс Си" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн хэлэхдээ "Орон нутгаас газрын асуудлыг шийдэж өгч байгаа нь гүйцэтгэгч компанид барилга барихад дөхөм байна. Энэ ондоо багтаан барилгын суурын ажил хийгдэнэ. 2024 оны гуравдугаар улиралд багтаан эхний блок барилгууд ашиглалтад орно. Өрөөний сонголтууд нь 30-110м.кв 1-4 өрөө байх ба үнийн хувьд орон нутгийн жишигийг барьж борлуулна” гэлээ.

Хэнтий аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 1300 айлыг орон сууцжуулж, иргэдийг зах зээлийн ханшаас хямд үнэ бүхий орон сууцаар хангахаар тусгасны дагуу ийнхүү орон сууцууд барьж байна. Цаашид үүнээс гадна БНХАУ-аас Монгол Улсад нийт 3000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр таван аймгийг сонгосны нэгд Хэнтий аймаг багтсан бөгөөд тус төсөл амжилттай хэрэгжвэл дахин орон сууц барина. Мөн 150 айлын Дэлгэржаргалант хорооллын ажил эхэлсэн гээд Хэнтий аймагт орон сууцны хүртээмж дээшилж, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл боломжууд нэмэгдэж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.