Зимбабвегийн Ерөнхийлөгч Э.Мнангагва тангараг өргөжээ

Aдмин / Гадаад мэдээ

Даваа гарагт Зимбабвегийн Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан дагуулсан санал хураалтад үнэмлэхүй олонхын санал авснаас хойш долоо хоногийн дараа тангараг өргөснөөр түүний бүрэн эрхийн хоёр дахь таван жилийн хугацаа эхлэв. Өдгөө 80 настай Э.Мнангагва олон мянган иргэд болон ӨАБНУ, БНАрдчилсан Конго Улс, Мозамбикийн төрийн тэргүүн зэрэг бүс нутгийн удирдагчид оролцсон ёслолын үеэр төрийн тэргүүний эрх мэдлийг дахин авлаа. Э.Мнангагва хоёр сая гаруй сонгогч буюу нийт сонгогчдын 52.6 хувийн саналыг авч, өөрийн гол өрсөлдөгч болох “Өөрчлөлтийн төлөөх иргэний эвсэл” намын Нельсон Чамисаг /44 хувийн санал авсан/ ялж дахин сонгогдсон болохыг Зимбабвегийн Сонгуулийн хорооноос мэдэгдсэн юм.

Харин Н.Чамисагийн нам санал хураалт будлиантай явагдсан гэж үзээд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шинээр сонгууль явуулахыг уриалсан байна. Ширүүн маргаан дагуулсан санал хураалтыг ажиглагчид ч мөн шүүмжилсэн бөгөөд "бүс нутгийн хийгээд олон улсын стандартад нийцээгүй" гэдгийг тэд хэлж байна.

Европын Холбооны Сонгуулийг ажиглах хорооны тайланд дурдсанаар, сонгуулийн үеэр “үндсэн эрх чөлөө улам бүр хумигдсан” ба “хүчирхийлэл, айлган сүрдүүлэлт"-ийн улмаас иргэдийн дунд айдас бий болсон байна. Түүнчлэн санал хураалтын эцсийн дүн гарахаас өмнө сонгуулийн 41 ажиглагчийг Зимбабвегийн цагдаа нар баривчилжээ.

Сөрөг хүчний “Өөрчлөлтийн төлөөх иргэний эвсэл” нам даваа гарагт “CNN” телевизэд мэдээлэл өгөхдөө “Э.Мнангагвагийн ялалтыг шүүхээр эсэргүүцэхгүй, учир нь манай улсын хуулийн тогтолцоогоор шударга ёсыг тогтоох эсэх нь эргэлзээтэй байна” гэв. Тус намын хэвлэлийн төлөөлөгч Промис Мквананзи хэлэхдээ “манай шүүх нэр хүндээ алдсан, нэг тал руу хэлбийсэн тул асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь утгагүй юм” гэлээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Бид сонгуулийн үр дүнг улс төрийн болон дипломат аргаар эсэргүүцэж байна. Шинэ, чөлөөт, шударга сонгууль явуулахыг уриалж байна ... Бид дипломат түвшинд төдийгүй улсын хэмжээнд шаардлага тавьж, шахалт үзүүлэх болно” гэсэн байна. Наймдугаар сарын 23-нд болсон санал хураалт нь Зимбабве улсад 2017 онд дарангуйлагч удирдагч Роберт Мугабег цэргийнхэн огцруулснаас хойших хоёр дахь сонгууль байв. “Матар” хочит Э.Мнангагва дарангуйлагчийг түлхэн унагах төрийн эргэлтийг зохион байгуулахад оролцсоны дараа түүний халааг авчээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.