Японы загасчдын бизнесийг дэмжихэд 20.7 тэрбум иен хуваарилжээ

Aдмин / Гадаад мэдээ

“Фүкүшима” атомын цахилгаан станцын /АЦС/ цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгаж эхэлсний дараа Хятад улс Японоос далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг хориглосон билээ. Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газраас загас агнуурын салбарт нэмэлт тусламж болгон 20.7 тэрбум иен /141.4 сая доллар/ хуваарилахаар шийдвэрлэсэн тухай Ерөнхий сайд Кишида Фүмио даваа гарагт мэдэгдэв.

Үүний хүрээнд дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх, далайн гаралтай бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэлийг хангах, үйлдвэрлэгчдийн нэр хүндэд учрах хохирлыг бууруулах, гадаадын шинэ зах зээл хайх стратеги боловсруулах, түүнчлэн нөхөн олговрыг түргэн шуурхай, бүрэн хэмжээгээр олгох зэрэг арга хэмжээнүүд багтаж байна.

К.Фүмиогийн засаг захиргаанаас бизнесээ хадгалж үлдэхэд нь загасчдад туслах зорилгоор тус бүр 30 тэрбум, 50 тэрбум иений хуримтлал бүхий хоёр тусдаа сан байгуулснаар загас агнуурын салбарт нийт 100.7 тэрбум иен олгохоор болж байна.

Японы Засгийн газар тус салбарыг “тодорхой улс орнуудад” хийдэг борлуулалтаас хамааралгүй болгохын тулд экспортын сувгуудыг төрөлжүүлэхэд тусламж үзүүлэхээ амлаж байгаагаас гадна усыг далайд асгаж байгаагаас үүдэлтэй байгаль орчинд нөлөөллийн асуудлыг шинжлэх ухаанч нотлох баримтад тулгуурлан яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг Бээжинд уриалж байгаа юм.

К.Фүмио даваа гарагт ажлын өрөөндөө сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “загас агнуурын салбарыг хамгаална” хэмээн мэдэгдээд, Засгийн газар болон “Фүкүшима” станцын оператор “Tokyo Electric Power Company Holdings” компани тус тусын хүлээсэн үүрэг хариуцлагаа “заавал” биелүүлнэ гэж нэмж хэлсэн байна.

Хятад улс бол Японы загас агнуурын салбарын хамгийн том зах зээл юм. Японы Засгийн газар загасны аж ахуй эрхлэгчид ба Хятадын зүгээс үзүүлж байсан эсэргүүцлийг үл харгалзан “Фүкүшима”-гийн цэвэрлэсэн усыг Номхон далайд наймдугаар сарын 24-ний өдрөөс асгаж эхэлсэн юм. Уг станц нь 2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн гамшигт өртөн сүйрсэн билээ.

Токио, Бээжингийн эрх баригчид усыг далайд асгахтай холбоотой аюулгүй байдлын асуудлаар санал зөрөлдөж, улмаар тогтворгүй байсан хоёр талын харилцаа улам хурцдаад байна. Хятад улсын зүгээс “цөмийн бохирдсон ус”-ыг далайд асгахаа зогсоохыг Японд уриалсаар иржээ.

Харин Японы тал тритийгээс бусад ихэнх цацраг идэвхт бодисыг цэвэршүүлэх замаар гадагшуулсан тул усыг аюулгүй хэмээн мэдэгдэж байгаа юм. Гэсэн хэдий ч Хятад улс усыг далайд асгаж эхэлснээс хойш Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортод бүрэн хориг тавьжээ.

2022 онд Японоос Хятад руу экспортолсон хөдөө аж ахуй, загасны аж ахуйн бүтээгдэхүүн, боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний хэмжээ 278.2 тэрбум иен, Хонконгт нийлүүлсэн хэмжээ 208.6 тэрбум иенд хүрчээ. Үүнээс загас агнуурын бүтээгдэхүүн тус тус 87.1 тэрбум иен, 75.5 тэрбум иен байв.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.