Ядуу буурай орнуудад нэг сая тонн үр тариа нийлүүлэхээр Орос, Турк улсууд тохиролцжээ
Орос, Турк улсууд ядуу буурай орнуудад нэг сая тонн үр тариа нийлүүлэх талаар зарчмын тохиролцоонд хүрч, техникийн бэлтгэл ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр болжээ. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко мэдээлсэн байна.
Оросын дипломатчын хэлснээр, талууд логистик, санхүү, маршрут, нийлүүлэх улс орнууд, тоо хэмжээтэй холбоотой дахин хэд хэдэн асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна. "Зарчмын тохиролцоонд хүрсэн. Ойрын хугацаанд техникийн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бүх талтай ажил хэргийн холбоо тогтооно гэж найдаж байна" гэж Грушко мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдогантой есдүгээр сарын 4-ний даваа гарагт уулзсаныхаа дараа Орос улсаас Туркт нэг сая тонн үр тариаг хөнгөлөлттэй үнээр нийлүүлж, тус улсад боловсруулсны дараа ядуу буурай орнууд руу үнэ төлбөргүйгээр тээвэрлэнэ гэж мэдэгджээ. Эрдогантой хийсэн Путиний уулзалт гурван цаг үргэлжилсэн байна. Уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлуудын нэг нь үр тарианы хэлэлцээр байв.
Сэтгэгдэл
Зочин [66.181.181.60] 2023-09-07 12:47:18
Болж бн шд