Австралийн Ерөнхий сайд оны сүүлчээр БНХАУ-д айлчлахаа мэдэгдэв

Aдмин / Гадаад мэдээ

Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанез 2023 оны сүүлчээр Бээжинд айлчилж, Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзах болсноо зарласан байна. Ингэснээр тэр сүүлийн долоон жилийн туршид Хятадад айлчилсан Австралийн Засгийн газрын анхны тэргүүн болох юм. Энэ тухай мэдээллийг Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч нотоллоо.

Австралийн Ерөнхий сайд Альбанез Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар Индонезийн Жакартад өндөрлөсөн Зүүн Өмнөд Азийн улсуудын Холбоо-АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын хүрээнд хоёр талын уулзалт хэлэлцээ хийсэн байна.

Энэ уулзалтын дараа Энтони Альбанез хоёр талын харилцааг сайжруулахад чиглэсэн бүтээлч яриа хэлэлцээ өрнүүллээ гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Энэ хүрээнд худалдаа болон консулын асуудлууд, түүнээс гадна хүний эрх, аюулгүй байдал зэрэг хоёр талын байр суурийн зөрүүтэй сэдвүүдээр ярилцсан гэдгээ дурдсан байна. Мөн Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын урилгыг хүлээж авч байгаагаа энэ үеэр мэдээлжээ.

Улмаар Энтони Альбанез Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдад хандан “Үндэсний ашиг сонирхлынхоо үүднээс боломжит чиглэлүүдээр бид хамтран ажиллаж, санал зөрөлдөх газраа зөрөлдөх нь зүйн хэрэг юм” гэж хэлжээ.

Өнгөрсөн онд Индонезийн Балид болсон Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзалт хийснээс үүдээд уг нь Энтони Альбанез Ерөнхий сайдыг энэ онд Хятадад айлчилж магадгүй гэдэг яриа таамаг байсан юм.

Австрали, Хятад хоёр улсын харилцаа 2020 оноос буюу Австрали улс коронавирусний цар тахлын үүсэл гарлыг тогтоох бие даасан мөрдөн шалгалт явуулах уриалга дэвшүүлсний дараагаас сэвтэж эхэлсэн. Түүнээс гадна Австрали өөрийнх нь улсын дарс болон бусад бүтээгдэхүүнд Хятад өндөр татвар ногдуулдаг зэргээс үүдэлтэй бусад асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байна. Хятад улс хоёр талын яриа хэлэлцээнд сайтар бэлтгэл хангах тал дээр Австралитай нягт хамтрах бодолтой байгааг “Синхуа” агентлаг Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгчөөс иш татан мэдээллээ.

Энэ төлөөлөгч мөн хоёр улс хоорондоо стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай гэдэг үүднээс Бээжин болон Канберрагийн хоорондох санал зөрөлдөөнтэй асуудлуудыг шийдвэрлэж, харилцан хүндэтгэлтэй, эрх тэгш харилцааг дэмжихэд Альбанезийн айлчлалыг бүрэн дүүрэн ашиглахыг талуудад хандан уриалсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.