БНАСАУ тэнгисийн цэргийн хүчээ бэхжүүлэх хүрээнд шумбагч завинд тактикийн цөмийн зэвсэг суурилуулжээ
Умард Солонгос улс бүх шумбагч завиа шинэчилж тактикийн цөмийн зэвсгээр тоноглох бодолтой байгаагаа зарлаж байна. Ингэж тоноглогдсон анхны шумбагч онгоцыг усанд тавих ёслол дээр Умардын удирдагч Ким Жон Ун энэ тухай мэдэгдсэнийг тус улсын төрийн төв хэвлэлүүд уламжилсан байна. Мөн энэ үйл явдлыг харуулсан олон тооны гэрэл зургийг нийтэлжээ. Харин энэ үйл явдал хаана болсон талаарх мэдээлэл байхгүй байгаа ч Умардын өмнөд эргийн “Синпо” нэртэй усан онгоцны үйлдвэрээс усанд тавьсан болов уу гэж өмнөдийн эх сурвалжууд таамагласан байна.
Цөмийн довтолгооны шумбагч онгоц хэзээнээсээ Умард Солонгосын нэн тэргүүнд бүтээх шаардлагатай зэвсэглэлийн жагсаалтад байж ирсэн. Сая ашиглалтад авсан шумбагч онгоц улсынх нь цөмийн тогтоон барих хүчин чадлыг бэхжүүлэхэд “үсрэнгүй амжилт” боллоо гэж Умардын мэдээний төв агентлагийн мэдээнд мөн дурдсан байна.
Баяр ёслолын байдалтай болсон тус арга хэмжээний үеэр Ким Жон Ун “Байлдааны хөлөг онгоцны бүтээн байгуулалтыг сэргээхийг хэзээ ч ямар ч нөхцөлд орхиж болшгүй нэн тэргүүний чиглэл” гэж мэдэгдсэний дээр, улсынхаа анхны цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц бүтээх ажлыг эрчимжүүлэх бодолтой байгаагаа дурдсаныг Умардын мэдээний төв агентлаг мөн уламжилсан байна.
Энд дурдсанаар, Умард Солонгосын үндэсний түүхэн баатрын нэрээр Ким Кун Ок хэмээн нэрлэгдсэн сая ашиглалтад орж байгаа 841 дугаарт шумбагч онгоц одооноос Солонгосын хойг болон Японы хоорондох усанд эргүүлийн үүрэг гүйцэтгэх юм байна. Мөн энэ шинэ шумбагч онгоцыг яг ямар пуужингаар тоноглосон нь одоогоор мэдэгдэхгүй байгааг олон улсын хэвлэлд бичжээ.
Умард Солонгосын тухайд урьд нь, шумбагч онгоцноос харвадаг холын тусгалтай хэд хэдэн баллистик пуужин, мөн бага тусгалын баллистик болон далавчит пуужингууд туршиж байсан удаатай. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны төлөөлөгч Ким Инаэ Умардын энэ алхмыг “зөвтгөх аргагүй үйлдэл” гэж нэрлэсэн байна. Мөн "Умардын удирдагч Ким улс ард түмнийхээ тарчиг дорой байдлыг үл хайхран ядмагхан төсөв хөрөнгөө зэр зэвсэг хөгжүүлэхэд зориулж байгаад сэтгэл түгшиж байна" гэжээ.
Умардыг ийм зэвсэг хөгжүүлэхэд Оросоос тусалсан байх боломжтой эсэх талаарх асуултад тус яамны төлөөлөгч хариулаагүй байна.
Энэ зуур Умардын удирдагч Ким Жон Уныг Орост айлчлах төлөвтэй байгаа тухай мэдээлэл олон улсад өргөн яригдаж байгаа. Энэ болзошгүй айлчлалд түүнийг мордохын босгон дээр буюу өнөөдөр тохиох БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулж Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд тэргүүтэй өндөр албаны төлөөлөгчид мөн сүүлийн хоёр сар орчмын хугацаанд хоёр дахь удаагаа Пхеньянд айлчлахаар болсон байна.
Сэтгэгдэл
Иргэн [59.153.114.160] 2023-09-09 16:34:04
Завь арай биш байлгүй, том харагдаад байна