Европт “Ковид-19”-ийн өвчлөлийн шинэ тохиолдлууд илт нэмэгджээ
Дэлхийн хойд тал бөмбөрцгийн хэмжээнд өвлийн улирал дөхөж байгаа энэ үед ковидтой холбоотой таагүй төлөв хандлага байсаар байгааг ДЭМБ-аас анхаарууллаа. Ойрх Дорнод болон Азид нас баралт нэмэгдэж, Европ даяар эрчимт эмчилгээнд орох хүний тоо өссөн, мөн өөр олон бүс нутагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо нэмэгдэж байгаа дүр зурагтай байгааг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейесус Женевт мэдээлэл хийхдээ ярьсан байна.
Коронавирусний мутацчилагдсан хувилбар болох EG.5 нэмэгдэж байгаа бол, XXB дэд хувилбаруудын тоо буурсан, харин BA.2.86 хэмээх хувилбар дэлхийн 11 улсад бага хэмжээнд илэрсэн гэдэг мэдээллийг тэрбээр мөн өгчээ.
Европын орнуудын тухайд зуны амралт зугаалгын цаг өндөрлөж, ажил, сургууль эхэлсэн энэ үетэй зэрэгцээд коронавирусний халдварын шинэ тохиолдлууд чамгүй нэмэгдсэн мэдээлэлтэй байна.
Коронавирусний нэлээд хүчтэй хувьсалд орсон BA.2.86 хэмээх албан нэршилтэй "Пирола" хувилбар өнгөрсөн наймдугаар сарын дундуур үе үе илэрч байсан, саяханаас халдвар эрчимтэй өсөх нэг шалтгаан нь үүнтэй холбоотой байж болзошгүй гэж Европын өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэнийг “Блумберг” уламжилсан байна.
Ерөнхийдөө зуны туршид Европын чамгүй олон оронд "Ковид-19"-ийн өвчлөлийн шинэ тохиолдлууд мэдэгдэхүйц нэмэгджээ. Улмаар өвлийн хүйтэн дөхөж байгаатай холбоотойгоор Европын Эрүүл мэндийн салбарын албаныхан улс орнуудыг "Ковид-19"-ийн эсрэг вакцинжуулалтаа хоёр дахин эрчимжүүлэхийг, ялангуяа архаг хууч өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийнхний хамрагдалтад анхаарахад уриалж байгаа юм байна.
Үүний зэрэгцээ коронавирусний шинэ тутам илэрч байгаа хувилбарууд илүү хүнд өвчлөлтэй холбоотой гэж үзэх, бас вакцины үр нөлөө буурсан гэх ямар ч баримт нотолгоо байхгүй байна гэж Европын Эрүүл мэндийн агентлагийн захирал Андреа Аммон ярьжээ.
Эдний мэргэжилтнүүдийн үзсэнээр халдварын тохиолдлууд саяханаас илт нэмэгдэх болсон нь аялал зугаалга олширч, бас олон хүн нэг дор цуглуулсан томоохон хурал, чуулга уулзалт болох нь нэмэгдсэн үетэй давхцаж байгаагийн дээр хүмүүсийн халдварын эсрэг дархлаа ерөнхийдөө суларсантай холбоотой байна.
Мөн энэ жилийн тухайд Европ даяар "Ковид-19"-ийн хяналт тандалтын ажил нэлээд суларсантай холбоотойгоор энэ төрлийн вирус аюул дагуулах нөхцөлд улстөрчид хурдацтай хариу арга хэмжээ авч ажиллахад бэрхшээл тулгарч мэдэхээр байгаа юм байна.
Сэтгэгдэл