Ж.Байден Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдтай уулзжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах бодолтой хэвээр байгаагаа, мөн Шинэ Дели хотноо түүний орлогчтой уулзсан тухайгаа ням гарагт мэдэгджээ.
“Манай баг, төлөөлөгчид Ши даргын засаг захиргааны төлөөлөгчидтэй уулзалт хийж байгаа. Түүнчлэн өнөөдөр Энэтхэгт би Хятадын удирдлагын хоёр дахь өндөр албан тушаалтантай уулзлаа” гэж Ж.Байден Ханой хотноо болсон хэвлэлийн бага хурлын “VOA” агентлагийн асуултад хариулах үеэрээ хэлжээ.
“Ши Жиньпинтэй биечлэн яриа хэлэлцээ хийхгүй байлаа гээд хямрал үүсчихгүй. Гэхдээ уулзсан бол илүү дээр байх байлаа. Түүнтэй удахгүй уулзана хэмээн найдаж байна” гэж тэрбээр ярьсан байна. БНХАУ-ын дарга Энэтхэгт болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоогүй юм. Ж.Байден Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хийсэн уулзалтынхаа талаар хэлэхдээ, “Уулзалт найрсаг уур амьсгалд болсон” хэмээгээд, талууд тогтвортой байдлын талаар ярилцаж, хөгжиж буй орнууд “өөрчлөгдөн шинэчлэгдэх боломжтой” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ Ж.Байден Ши Жиньпинийг одоогоор завгүй байгааг тэмдэглээд, ингэхдээ залуучуудын ажилгүйдэл, Хятадын эдийн засгийн гол салбар болох үл хөдлөх хөрөнгийн салбар ганхаж байгааг эш татсан байна.
“Хятадын эдийн засгийн өсөлтийг хязгаарлахыг хүсэхгүй байна. Харин ч Хятад улс эдийн засгийн хувьд өндөр амжилттай байгаасай гэж хүсдэг, гэхдээ олон улсын дэг журмыг дагаж мөрдөн ийм амжилтад хүрээсэй гэж хүсэж байна” хэмээн тэрбээр нэмж хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт ордог Хятадын эдийн засагт хүндрэл бэрхшээл тулгараад байгаа боловч энэ нь Тайванийн асуудлаар зэвсэгт мөргөлдөөн үүсэхэд хүргэнэ гэж бодохгүй байгаагаа тэрбээр илэрхийлжээ. Ж.Байдены Засгийн газрын хэд хэдэн гишүүн саяхан Бээжинд айлчилсан юм. Гэвч хоёр орон худалдаа, Тайванийн ойролцоох тэнгисийн цэргийн эргүүл, энэ оны эхээр АНУ-ын дээгүүр ниссэн Хятадын тагнуулын гэгдэх агаарын бөмбөлөг зэрэгтэй холбоотой асуудлаар маргаантай байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл