Германд коронавирусний “Пирола” хувилбар илэрчээ
Германд коронавирусний шинэ “BA.2.86” хувилбар анх удаа илэрсэн тухай Роберт Кохын нэрэмжит хүрээлэн /RKI/ лхагва гарагт мэдээлэв. Тус байгууллагын долоо хоног тутмын тайланд дурдсанаар, “Пирола” гэж нэрлэж буй уг хувилбар наймдугаар сарын 27-ны өдрийг хүртэлх долоо хоногт бүртгэгджээ. Германд долоодугаар сараас хойш амьсгалын замын цочмог халдвар нэмэгдсэнийг “RKI” мөн мэдээлсэн байна.
Шинэ хувилбарын талаар бид юу мэдэх вэ?
“BA.2.86” хувилбар одоогоор Дани, АНУ, Их Британи, Израил зэрэг хэд хэдэн оронд илэрсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ уг хувилбарыг “хянан ажиглаж байгаа долоон хувилбарын нэгээр” тодорхойлоод байгаа бөгөөд энэ нь НҮБ-ын байгууллагын хянан ажиглах системийн гурван шатлалын хамгийн доод түвшин юм.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, “Пирола” нь коронавирусний өмнөх хувилбаруудаас олон ялгаатай байгаа бөгөөд дархлаа тогтсон, вакцинд хамрагдсан хүмүүс халдварлаж магадгүй боловч илүү хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо бага байна.
"“BA.2.86” нь өмнө нь “COVID-19”-өөр халдварласан эсвэл “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн хүмүүст халдвар үүсгэх чадвартай байж магадгүй" гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мөн мэдээлжээ. Гэхдээ ДЭМБ урьдчилсан мэдээллээс харахад вакцинууд уг хувилбараас хамгаална гэж мэдэгдсэн байна.
“COVID-19” эргэн ирж байна уу?
Өнгөрсөн долоо хоногт цахим хэвлэлийн бага хурлынхаа үеэр ДЭМБ, “дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст өвлийн улирал ирж байгаатай холбогдуулан “COVID-19”-ийн халдвар тархах эрсдэлтэй байгааг” анхааруулсан юм.
Тодруулбал, “EG.5” буюу “Eris” коронавирусний шинэ хувилбарын тохиолдол дэлхий даяар нэмэгдэж байгааг мэдээлжээ. ДЭМБ энэ хувилбарыг “анхаарал хандуулах хувилбар” гэж ангилаад байгаа нь “BA.2.86”-тай харьцуулахад нэг шат өндөр боловч “анхааралдаа авах” ангилалд хараахан оруулаагүй байна.
Дэлхийн олон улс орон коронавирусний халдвар авсны улмаас нас барсан, эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоог мэдээлэхээ больсон тул халдварын талаарх мэдээлэл одоогоор хязгаарлагдмал байна. Иймд “COVID-19”-тэй холбоотой статистик мэдээг улс орнууд мэдээлсээр байх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
корона [66.181.176.144] 2023-09-14 15:36:05
за одоо лай лай .....ханиад