Ц.Мөнгөншагай: Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулагчдыг улам түлхсэн шийдлүүд орсон нь тун харамсалтай

Aдмин / Хууль

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга нэлээд маргаантай байгаа . Энэ асуудлаар геологич Ц.Мөнгөн шагайтай ярилцлаа.

– Ашигтмалтмалын тухай хуулийн төслийг өнгөрсөн гуравдугаар сараас хэлэлцэж эхэлсэн. Салбарынхны зүгээсДорвитой өөрчлөлт хийгдэж чадаагүй энэ төсөл батлагдвал Монгол Улсыг тэжээж байгаа уул уурхай салбар хүнд байдалд орно гэж бухимдаж байсан. Хуультай холбоотой ямар асуудал үүсээд байгаа юм бэ?

-Асуудлыг нь ярих юм бол урт жагсаалт гарна. Хамгийн том асуудал нь АМНАТ болон татвар төлбөрүүдийг хэрхэн нэмэгдүүлэхэд анхаарсан хууль болсон. Энэ хуульд АМНАТ-ийн талаар тусгахдаа “Ашигт малтмалуудыг олон улсын биржээр арилжаалахад анхаарна. Заримыг нь Монголд дахь биржийн үнээр авна” гэсэн байгаа. Тэгвэл манай суурь үнэ далайн боомтын үнэтэй ойролцоо байдаг. Хуулийн төсөлд “Эрлийн ажлыг төрөөс хийнэ, хувийн хөрөнгөөр хийж болно” гэдэг заалт бий. Дахиад нэг шат дамжлага нэмэгдэж байна гэсэн үг. Төрийн хяналт, зохицуулалт улам нэмэгдсэн хуулийн төсөл болжээ гэж харж байгаа. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Ашигт малтмалын тухай хууль есөн дагалдах журам, 66 зүйл заалт, 11 бүлэгтэй. Харин шинэ төсөл 38 дагалдах журам, 76 зүйл заалт, 18 бүлэгтэй болж орж ирсэн.

Яг үнэндээ эрдэс баялгийн салбарын хөгжлийг хангахуйц давуу тал алга. Энэ салбарыг хөрш зэргэлдээ болон холын өрсөлдөгчидтэйгөө өрсөлдөх бизнесийн өрсөлдөөний давуу талыг бий болгох, түүнтэй харьцуулан боловсруулах бус зөвхөн төсөвт төвлөрүүлэх татварыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийг илүү орлого олохоос “сэргийлсэн” улам л хатуу бодлогоор зохицуулахыг хичээж боловсруулсан байна гэж харж байна

Нэмэгдсэн зүйл заалт болгоны цаана хариуцлага, үүрэг нэмэгдэнэ. Тэр байтугай хайгуулын ажил хийхийн тулд байгаль орчны ерөнхий үнэлгээ, менежментийн төлөвлөгөө гэхчлэн дөрвөн өөр төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болно. Энэ нь эргээд үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, ачаалал үүсгэнэ. Дээрээс нь энэ хуулиар “Уул уурхайн судалгаа, хөгжлийн төв” байгуулна гэж байна. Дахиад л нэг эрх, үүрэг нь тодорхойгүй байгууллагын бүтэц үүсгэж, төрийн аппаратыг нэмэхээс хэтрэхгүй. Чухал ашигт малтмал болон стратегийн орд гэсэн нэршил нэмэгдсэн байна. Стратегийн орд гэсэн ойлголт ямар бүрхэг тодорхойгүй байгаа билээ. Ямар нэг шийдэлгүй өчнөөн жил бугшсан том асуудал болсныг бүгд мэднэ. Стратегийн ордоо шийдээгүй байж чухал ашигт малтмал гэсэн нэршил нэмчихвэл үл ойлголцол нэмэгдэх нь гарцаагүй. Тодорхой зохицуулаад өгөөч гэж байгаа зүйлийг энэ мэтээр олон салгах нь сайн зүйл дагуулахгүй. Хаалт, нөхөн сэргээлтийн төлбөрийг 100 хувь урьдчилж байршуулсан байх ёстой. Баталгаагаар байршуулна гэж яриад байгаа ч биелэх боломж тун бага. Одоо ямар нэгэн хаалтгүй байхад, ашиглалтын тусгай зөвшөөрлийн 84 хувь нь хөдлөхгүй. Ийм байхад нэмчихээр юу болох вэ. Уул уурхайн төслийн зайлшгүй дамжиж байж хөрөнгө оруулалт татаж хөгждөг зүйл болох шинэ хөрөнгө оруулагч орж ирэх буюу тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд урьдчилж гарсан зардлаас болон ирээдүйд олох орлогоос татвар авдаг зарчмыг хэрхэх талаар бас л тодорхой зохицуулалт алга. Аливаа төсөл тодорхой үе шатыг дамждаг. Тэгэхээр хайгуулын үе шат гэдэг тухайн төслийг бүтэн зургаар харвал бойжилтынх нь үе. Бойжилт нь дуусаад өсөлт ирэхэд санхүүжилт хэрэгтэй. Санхүүжилт хэрэгтэй болоход тухайн тусгай зөвшөөрөл, төслийн хувьд шинэ эзэмшигч шаардлагатай болдог. Шинэ хувь эзэмшигч оруулж ирэхгүйгээр дараагийн өсөлтийн үе шатандаа гарах боломжгүй л дээ. Энэ үе шатан дээр нь ирээдүйд олох ашгаас чинь, эсвэл өнгөрсөнд зарцуулсан зардлаас чинь татвар авна гээд байгаа учир уул уурхайн төслүүдийн 86% эхний үе шатандаа гацчихаад байна.

-Орон нутаг уул уурхайн хөгжилд том тээг болдог. Тэгвэл энэ хуулийн төсөл батлагдвал ахиц гарах нь уу?

-Нэгдүгээрт орон нутгийн иргэн бол тээг болоод байгаа юм байхгүй, харин тухайн орон нутагт төрийн эрх, үүргийг хэрэгжүүлэгдийн буруутай үйл ажиллагаанаас зөрүүтэй ойлголцол үүсдэг. Шинэ боловсруулсан хуулийн төсөлд үүнийг шийдэх ямар ч зохицуулалт байхгүй. Харин “Ашигт малтмалын газрын төлөөлөгчийг аймгуудад байршуулна” гэж байна. Төлөөлөгчийн газар байгуулснаараа ямар асуудлыг, яаж шийдэх нь тодорхойгүй. Төлөөлөгчийн газарт дахиад л очиж бүртгүүлэх ч юм уу, төрийн аппаратыг данхайлгахаас өөр өгөөжгүй шийдэл.

-Хөрөнгө оруулагчдыг татах тал дээр ямар боломжууд харагдаж байна вэ, төслөөс?

-Ашигт малтмалын хуулийн тухайд 1997, 2006 оны хуулийн суурь түвшин бий. 2006 оны хуулийн анхны философи нь 250 удаа өөрчлөлт ороод эвдэгдчихсэн. Уг нь одоо боловсруулчихсан байгаа шинэ төслийг өмнөхүүдтэйгөө харьцуулах хэрэгтэй. Гэвч бидэнд тийм ойлголт алга. 2019 оны үеийн маш их өөрчлөлт орчихсон хуультайгаа харьцуулаад л бага зэргийн өөрчлөлт хийх гээд байна. Өмнөх хуулиудын тухайд харьцангуй хөрөнгө оруулалт татаж чадаж, хөгжилд бодитоор нөлөөлж байсан. Гэвч бид өнөөдөр тэнд гацаачихсан хуультайгаа шинийгээ харьцуулаад байвал урагшлах уу, хойшлох уу гэдэг асуудалтай л тулгарна. Энэ нөхцөлүүдтэй харьцуулсан судалгаа бас л дутуу. Бид аль болох хөрөнгө оруулалт татаж, амжилт гаргаж байсан сайн туршлагаа харж хөгжих боломжтой зүг рүүгээ явах ёстой шүү дээ. Энэ хуулийн төслөөс өмнөх шиг амжилт үзүүлж чадна гэх хүлээлт алга.

Тэр бүү хэл хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хэдэн арав дахин нэмэгдүүлэх, олгох талбайн хэмжээг жижгэрүүлэх зэргээр хөрөнгө оруулалтыг улам түлхэх шийдлүүд орсон нь харамсалтай.

Ер нь энэ хуулийн төсөлд шинэчлэн найруулаад байхаар бодлогын том өөрчлөлт байхгүй. Магадгүй, ашигт малтмалын нөөцийг төр баталдгаа болих, тухайн компанийн эдийн засаг, технологийн асуудалд хэт оролцдог байдлаа хязгаарлах гэх мэт шийдлийг гаргасан бол том алхам болох байлаа.

-Геологийн салбар дахь дэмжлэг хүчгүйдээд байна уу?

-Миний хувьд бага дэмжээсэй л гэж боддог. Ер нь ямар ч салбарыг төр бага дэмжих хэрэгтэй. Тэгж байж л жамаараа хөгжих боломж үүснэ.

-Манай улс газрын ховор элементийн багагүй нөөцтэй гэдэг. Энэ хэр бодит судалгаа бол?

-Манайх газрын ховор элементийн хувьд хэтийн төлөв, ирээдүйн хувьд дэлхийд дээгүүр явдаг гэж яригддаг. Тогтоогдсон гээд байгаа нөөц нь эдийн засгийн хувьд хэр ашигтай юм бэ гэдэг эргэлзээтэй, анхаарах ёстой зүйл. Гаргаад ирэхэд мөнгө олоод дэлхийтэй өрсөлдөөд явж чадах юм уу, үгүй юу гэдэг л хамгийн том асуулт. Тогтоогдсон нөөц маань хэзээ баялаг болох вэ гэдэг чинь өөр асуудал. Бид нар хэт хөөрөлд автаад, “алаагүй баавгайн арьсыг” хуваагаад байгаа юм биш биз. Цаашид судалгаа хийх потенциал, судалгааны хэтийн төлөв боломж байгаа л байх.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.