Японы иенийн ам.доллартой харьцах ханш сүүлийн нэг жилийн хамгийн доод цэгт хүрч сулрав
Япон улсын үндэсний мөнгөн тэмдэгт иенийн америк доллартой харьцах ханш суларсаар сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлтийг харууллаа. Даваа гарагийн оройн 17 цагийн байдлаар Токиогийн валютын арилжаагаар 1 америк доллар 149 иентэй тэнцэж байна. Энэ нь өнгөрсөн Баасан гарагийн ханштай харьцуулахад бараг 1 иенээр буурсан үзүүлэлт болж байна.
Өнгөрсөн 8-р сарын байдлаар 1 америк доллар 146 иентэй тэнцэж байв. Үүнээс хойш иенийн америк доллартой харьцах ханш өссөн ч гэсэн сүүлийн 1 жилийн дүнгээр нь авч үзвэл буурсан үзүүлэлтийг харуулж байгаа юм. Үндсэндээ сүүлийн 1 жилийн хугацаанд иенийн америк доллартой харьцах ханш нийтдээ 9 хувиар унасан байна. Энэ үзүүлэлтээр Япон улс хөгжингүй зах зээлийн голлох валютын дунд хамгийн муу үзүүлэлтийг харуулсан байна. Зах зээлийн шинжээчид Америкийн холбооны нөөцийн сан инфляцыг зорилтот түвшин хүртэл бууруулахын тулд мөнгөний бодлогоо чангатгах арга хэмжээг шат дараатайгаар үргэлжлүүлнэ гэсэн дохиог зах зээлд өгсөн. Энэ нь Япон, Америкийн мөнгөн тэмдэгтийн хүүгийн зөрүү ихэснэ гэсэн хүлээлттэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид тооцоолж байснаас илүү их хэмжээний иенийг зарах магадлалтай гэж үзэж байна.
Үүний зэрэгцээ зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 1 америк доллар 150 иентэй тэнцэх магадлал илүү ойртож байгаа энэ цаг үед Япон улсын засгийн газар болон төв банк ханшийг тогтворжуулахын тулд хөндлөнгөөс оролцох магадлалтай гэж үзэж байна. Өнгөрсөн 2022 оны 10-р сард буюу одоогоос яг нэг жилийн өмнө Япон улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн америк доллартой харьцах ханш сүүлийн 30 гаруй жилийн түүхэнд байгаагүй хамгийн доод түвшинд хүрч суларсан.
Иймд тус улсын засгийн газар өнгөрсөн 10-р сард үндэсний мөнгөн тэмдэгт иенийн ханшийн уналтыг зогсоохын тулд 20 тэрбум америк доллар буюу 6,3 их наяд иен зарцуулсан байна. Одоо олон улсын ажиглагч, шинжээчдийн хувьд Японы төв банк ханшийн савлагааг зогсоохын тулд дахин интервенц хийж магадгүй гэж таамаглаж байна.
Гэхдээ интервенц хийх нь Японд хүүгийн түвшин Америктай харьцуулахад хамаагүй доогуур үзүүлэлттэй байгаа нь төдийлөн үр дүн үзүүлэхгүй болов уу гэж зарим шинжээчид сануулж байна. Үндсэндээ, Японы төв банкны зөөлөн бодлого Америкийн төв банкны бодлогын хүүгээ чангатгах арга хэмжээтэй холбоотойгоор иенийн ханш тогтворгүй буурсан үзүүлэлтийг харуулж байна. Дэлхийн санхүүгийн зах зээлд америк долларын ханш чангарч байгаа нь фунт стерлинг, евро зэрэг дэлхийн голлох валютуудын ханшид сөргөөр нөлөөлж байна.
Сэтгэгдэл