Канадын парламентын спикерээр анх удаа өнгөт арьст хүн сонгогдлоо
Канадын парламентын Нийтийн танхимын гишүүд Либерал намын Грег Фергусыг даргаар сонгосноор Канадын түүхэнд анх удаа өнгөт арьст хүн энэ үүргийг гүйцэтгэх боллоо. Тэрбээр, Крис д'Энтремонт, Кэрол Хьюз, Александра Мендес, Питер Шифке, Шон Кейси, Элизабет Мэй нарын зургаан нэр дэвшигчийг саналын тоогоор илүүрхэж олон фракцад хуваагдаад буй Нийтийн танхимыг /парламентын доод танхим/ удирдах үүрэг хүлээжээ.
Зарим консерватив үзэлт гишүүд Г.Фергусыг нэр дэвшүүлэхийг эрс эсэргүүцэж байв. Өмнө нь ёс зүйн зөрчил гаргаж байсан тул түүнийг уг албан тушаалд тохирохгүй гэдгийг Калгари хотыг парламентад төлөөлж буй Мишель Ремпел Гарнер мэдэгджээ.
Парламентын спикерийн сонгуульд гишүүд саналаа нууцаар өгдөг бөгөөд санал хураалтын дүнг олон нийтэд зарладаггүй ажээ.
Эргэн сануулахад, Нийтийн танхимын өмнөх дарга Энтони Рота өнгөрсөн сард нацист үзэлтнийг парламентад урьсныхаа төлөө огцорсон юм.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл