Газрын тосны салбар дахь хөрөнгө оруулалт эрс буурсныг ОПЕК-ийн тэргүүн анхааруулав

Aдмин / Гадаад мэдээ

Газрын тосны салбар дахь хөрөнгө оруулалтын хэмжээ тун хангалттгүй байгаа нь дэлхийн эрчим хүчний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, нэг торх түүхий нефтийн үнийг 100 ам.долларт хүртэл өсгөж магадгүй байна.

Абу Дабид болж буй "ADIPEC"-ийн эрчим хүчний бага хурлын үеэр ОПЕК-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хайтам Аль Гайс CNN-д өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгджээ. Эрчим хүчний үнэ өсөхөөс сэргийлэхийн тулд дэлхийн хэмжээнд одооноос эхлэн 2045 он хүртэлх хугацаанд газрын тосны салбарт хамгийн багадаа 12 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэлээ. Өөрөөр хэлбэл, түүний хэлснээр, тус салбар дахь хөрөнгө оруулалт "аюултай" доогуур түвшинд байгаа ажээ.

"Маш бага хэмжээний хөрөнгө оруулалт нь эрчим хүчний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна... Газрын тосны эрэлт нэмэгдэхийн хэрээр үнэ өсөж, тогтворгүй байдал газар авна гэж би бодож байна" хэмээн ОПЕК-ийн тэргүүн хэллээ.

Нэг торх газрын тосны үнэ 100 ам.долларт хүрнэ гэх таамаглалын тухайд Аль Гайс хэлэхдээ “ОПЕК газрын тосны үнийг урьдчилан таамагладаггүй ч гэсэн ийм үзүүлэлтэд хүргэж болзошгүй хүчин зүйлүүд бий... Хамгийн гол нь газрын тосны салбарт хөрөнгө оруулалт маш дутагдалтай байна" гэдгийг дурдав.

Brent маркийн газрын тосны үнэ зургаадугаар сарын дунд үеэс хойш 29 хувиар өсч, өнгөрсөн долоо хоногт нэг торх нь 97 долларт дөхсөн нь өнгөрсөн 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Энэ нь Саудын Араб, Орос улсууд олборлолтоо бууруулсантай холбоотой юм.

Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ дэлхий даяарх газрын тос, байгалийн хий, нүүрсний эрэлт 2030 он гэхэд дээд хэмжээнд хүрнэ гэж мэдээлснээс хойш долоо хоногийн дараа ОПЕК-ийн тэргүүн дээрх тайлбарыг өглөө.

Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.