Ливид болсон хүчтэй хар шуурга тус бүс нутагт 10 жил тутамд тохиолдоно
Ливи улсад наймдугаар сарын дундуур орсон үргэлжилсэн борооны улмаас үер бууж, Дерна хотын 4000 гаруй иргэн амь насаа алдсан харамсалтай явдал болсон.
Үүний дараа Дерна хотын оршин суугчид нутгийн удирдлагуудаа эсэргүүцэн жагсаал зохион байгуулж эхэлжээ. Жагсаал өдгөө ч үргэлжилж байна.
Дерна хотын голын хоёр далан хуучирсан, засвар үйлчилгээ хийгээгүй. Үерийн өндөр эрсдэлтэй газар дээр олон байшин барьсан. Эдгээрээс шалтгаалж далан сэтрэх үед хэдэн арван сая шоо метр ус хот руу цутгаж, бүх хорооллыг сүйрүүлсэн юм.
Түүнчлэн Ливид 2011 онд Ливийн удирдагч хурандаа Муаммар Каддафиг огцруулснаас хойш үүссэн улс төрийн тогтворгүй байдал, иргэний дайны мөргөлдөөн зэрэг нь Ливийн ард түмний амьдралын чанарыг муутгаж, үй олноороо байгалийн гамшигт өртөн амь насаа алдах үндэс болсон гэж үзэж ийнхүү жагсаж буй юм байна.
Тус бүс нутагт олон жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн нь оршин суугчдыг үерийн аюулд эмзэг, өртөмтгий байдлыг улам бүр нэмэгдүүлсэн гэж WWA тайландаа онцолжээ.
Мөн уур амьсгалын өөрчлөлт байгалийн гаралтай аюулт үзэгдлийн давтамжийг арав дахин нэмэгдүүлж, аадар борооны хэмжээг 40 хувь хүртэл хэмжээгээр нэмэгдүүлж буйг судалгаагаар тогтоосон аж.
Цаашид ийм төрлийн хүчтэй хар шуурганы үзэгдэл тус бүс нутагт 10 жилд нэг удаа тохиолдохыг анхааруулсаар байна.
Тиймээс Ливи улсын иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг шаардаж байгаа юм.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл