АНУ-ын Сенат дахь хоёр намын төлөөлөл БНХАУ, ЯПОН, БНСУ-д айлчлахаар болжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Сенат дахь хоёр намын төлөөлөгч ирэх 7 хоногт Хятад, Япон, Өмнөд Солонгос улсад айлчлахаар болсон байна. Эдийн засгийн өрсөлдөөн, аюулгүй байдал, дэвшилтэт технологийн салбар дахь дэлхийн хэмжээний манлайллын асуудалд энэ айлчлалын үеэр гол анхаарал хандуулна гэдгээ Сенатын олонхын бүлгийн дарга Чак Шумер онцолсон байна.

Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын тус бүр гурван төлөөллөөс бүрдэх төлөөлөгчдийг ахлан явна гэдгээ Шумер мэдэгдсэний дээр Хятадын дарга Ши Жиньпинтэй мөн уулзах боломжийг эрэлхийлж байгаа талаараа хэвлэлд нотлон мэдэгдээд байгаа юм. Түүнтэй хамт энэ айлчлалд явах ардчилсан намын сенатч Жон Оссофф олон улсын харилцааны практикт яриа хэлэлцээний ач холбогдлыг онцолж, аливаа хямрал сөргөлдөөн санаандгүй байдлаар даамжирч хурцдах эрсдэлийг бууруулахад нэн чухал байдаг гэдгийг мөн дурдсан байна. Америкийн төлөөлөгчид Хятад дахь яриа хэлэлцээнийхээ явцад үндэсний аюулгүй байдал, АНУ-ын болоод холбоотон орнуудынхаа эдийн засгийн ашиг сонирхлыг “шийдвэртэй бөгөөд хатуу” байр сууринаас илэрхийлэх болно гэж японы NHK телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Хятадын Гадаад яамны зүгээс Америкийн хууль тогтоогчдын энэ айлчлалыг таатай хүлээж авч байна гэдэг байр сууриа өмнө нь илэрхийлсэн байна. Энэ яамны албан ёсны төлөөлөгч энэ тухайд өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, энэ айлчлал АНУ-ын Конгресс дахь Хятадын талаарх ойлголтыг илүү бодитой болгож, манай хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хэлэлцээ, харилцаа холбоог ахиулж, Хятад-АНУ-ын хоорондын харилцааны өсөлтөд эерэг хүчин зүйлс авчирна” гэсэн байна.

Америк-Хятадын харилцаа зарим талбарт нэлээд зөрчилтэй хэвээр байсаар байгаа. Гэхдээ Ерөнхийлөгч Байдений засаг захиргааны голлох албан тушаалтнууд сүүлийн үед Хятадад айлчлал хийснээр хоёр талын яриа хэлэлцээ чамгүй идэвхжих хандлагатай байгаа. Энэ хүрээнд Ерөнхийлөгч Байден, Хятадын дарга Ши Жиньпин нарыг ирэх сард Америкийн Сан-Францискод болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага АПЕК-ийн чуулга уулзалтын хүрээнд уулзалдах эсэх дээр олон улс анхаарал хандуулж байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.