“Фүкүшима-1” АЦС-аас цэвэршүүлсэн ус далай руу цутгах хоёр дахь үе шат эхэлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Фүкүшимагийн АЦС-ын оператор компани аравдугаар сарын 05-ны өдөр цацраг идэвхт бохирдлоос цэвэршүүлсэн усыг далай руу цутгах ажлын хоёр дахь үе шатыг эхлүүлснээ мэдээлсэн байна. Тус компани далайн эргээс нэг километрийн зайтай усан доогуурх хоолойгоор өдөрт 460 тонн цэвэрлэсэн усыг гурван долоо хоногоос бага хугацаанд амжиж асгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

2011 онд Японы зүүн эрэг хавийн нутгийг нэрвэсэн гамшигт газар хөдлөлт, цунамигийн дараа энэ бүсэд байршилтай Фүкүшима-1 АЦС-д дараалсан осол гарсан. Тэдгээр осолд өртсөн цөмийн 3 реакторыг хөргөхөд ашигласан 1000 гаруй нөөцлүүр саванд агуулагдаж байгаа 1,34 сая орчим тонн усыг цэвэршүүлж далай руу цутгах ажил явагдаж байна. Цацраг идэвхт бодисуудаас ангижруулж далайн усаар шингэлсэн усны литр тутамд одоогийн байдлаар цацраг идэвхт тритийн агууламж 63-87 беккерел байгаа энэ нь Японы байгаль орчны аюулгүй байдлын стандартын зөвшөөрөгдөх хэмжээ буюу 60 мянган беккерелиэс хамаагүй доогуур хэмжээ гэж ТЕПКО-гийн мэргэжилтнүүд мэдэгдэж байгаа юм. Улмаар станцад хуримтлагдсан усыг зайлуулах хоёр дахь шатыг өнөө өглөө 10 цагаас эхлүүлжээ.

Энэ ажлын эхний үе шат өнгөрөгч 8-р сарын 24-нөөс эхэлж 9 сарын 11-нд төлөвлөсөн хугацаандаа дууссан. Энэ хугацаанд станцын ойр орчмын 3 км-ийн радиус доторх далайн уснаас дээж авч шинжлэхэд тритийн агууламж литр тутам 10 беккерел байсан энэ нь 700 беккерел байх нөхцөлд ус зайлуулах ажлыг зогсоохоор заасан нөхцөлөөс хавьгүй доогуур үзүүлэлт гэж тухайн үед нь мөн мэдээлж байжээ.

Өнөөдөр эхэлсэн хоёр дахь үе шатны хүрээнд ирэх 17 хоногт амжиж 10 нөөцлүүр савыг буюу 7800 тонн усыг султгах төлөвлөгөөтэй байна. Ийм маягаар ирэх оны 3-р сард багтааж ус нөөцлүүрийн 40 сав усыг султгах төлөвлөгөөтэй. Ирэх 30 жилд 1000 гаруй сав усыг далай руу асгана гэж тооцоолж байна. Энэ зуур Номхон далайн эрэг орчмын улсуудын зүгээс Токиогийн энэ шийдвэрт дургүйцлээ илэрхийлж Хятад улс гэхэд 8-р сарын 24-нөөс буюу ус зайлуулах ажлын эхний үе шат эхэлсэн даруй Японоос далайн бүтээгдэхүүн импортлохоо зогсоосон. Оросын ХАА-н бүтээгдэхүүнд хяналт тавих газар мөн өнгөрөгч сарын сүүлээр Хятадын энэ хоригт нэгдэх боломжийг судалж үзэж байгаагаа зарласан юм. Японы засгийн газар харин олон улсын хамтын нийгэмлэгт тэр дундаа Орос улсад цацраг идэвхт бодисуудаас цэвэршүүлсэн усны аюулгүйг нотолсон тайлбар мэдээллүүдийг хэдэнтээ хүргүүлсэн ШУ-ны баримт нотолгоотойгоор асуудалд хандахыг уриалсан гэж мэдэгдэж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.