Дэлхийн дулаарал хурдсаж байгааг тогтоожээ
Дэлхийн дулаарал илүү хурдан явагдаж байгаагаас шалтгаалан гол босго үзүүлэлтийг давахад ойртсоныг BBC-гийн судалгаагаар тогтоожээ. Тодруулбал, дэлхийн дундаж температур 2023 оны нийт өдрийн гуравны нэг орчимд нь аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 хэмээр илүү байсан байна. Уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн их хор хөнөөлтэй үр дагавруудаас зайлсхийхийн тулд дэлхийн температурыг уг босго үзүүлэлтээс урт хугацааны турш доогуур байлгахыг дэлхий нийтээрээ чармайж байгаа билээ. Гэвч 2023 он түүхэн дэх хамгийн халуун жил болох төлөвтэй байгаа бол 2024 онд улам илүү халж магадгүй байна.
“Энэ бол дэлхийн дулаарал урьд хожид үзэгдэж байгаагүй түвшинд хүрч байгаагийн илрэл" гэдгийг Суссексийн их сургуулийн доктор Мелисса Лэзенби ярилаа. Энэ оны есдүгээр сар түүхэн дэх хамгийн халуун сар болсны зэрэгцээ энэ зун дэлхий даяар олон байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэсний дараа дээрх дүгнэлтийг хийжээ.
Дэлхийн удирдагчид 2015 оны 12 дугаар сард Парис хотноо чуулах үеэрээ дэлхийн температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхтэй харьцуулахад 2 хэмээс илүү өсгөхгүй байх, улмаар эл үзүүлэлтийг 1.5 хэмд тогтоон барихын тулд бүх хүчин чармайлтаа дайчлах хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.
Гэхдээ Парисын хэлэлцээрт тусгасан босго үзүүлэлтийг давна гэдэг нь нэг өдөр эсвэл долоо хоногийн дотор бус харин дунджаар 20 эсвэл 30 жилийн хугацаанд давж гарахыг хэлнэ. Ийм урт хугацаан дахь дундаж дулаарлын үзүүлэлт одоогоор 1.1-1.2 хэм орчим байна. Гэхдээ өдөр өдрөөр 1.5 хэмээс давж дулаарах нь урт хугацааны босго үзүүлэлтийг давахад ойртож байна гэсэн үг юм.
Сэтгэгдэл