Хятадын удирдагч Ши Жиньпин Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Конгрессын Сенатын танхимын олонхын бүлгийн дарга Чак Шумерээр ахлуулсан хоёр намын төлөөлөгчидтэй Бээжин хотын Ардын их танхимд даваа гарагт уулзлаа. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад-АНУ-ын харилцаа бол дэлхийд хамгийн чухал ач холбогдолтой хоёр талын харилцаа гэдгийг цохон тэмдэглэв. Хятад, АНУ хэрхэн хамтран ажиллах нь хүн төрөлхтний ирээдүйг тодорхойлно. Харин сөргөлдөөн бол энэ цаг үеийн чиг хандлагад нийцэхгүй. Ийм байдал нь өөр өөрсдийн асуудлуудыг ч, дэлхийд тулгарч буй сорилтуудыг ч шийдвэрлэхэд хүндрэл учруулж байна гэж Хятадын удирдагч онцлон дурдлаа.

Хоёр орны нийтлэг ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөс даван хальж, Хятад, АНУ-ын ололт амжилт нь бие биедээ сорилт бус харин боломж олгох ёстой гэж Хятад улс үзэж байна. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Фукидидын урхи” бол зайлшгүй зүйл биш, манай дэлхий ертөнц Хятад, Америкийн тус тусын хөгжил, хамтын хөгжил цэцэглэлтийг багтаахуйц өргөн уудам билээ. Хятад, Америкийн эдийн засгийн интеграц өндөр хөгжсөн, ашиг сонирхол нь хоорондоо нягт уялдаатай тул хоёр орон харилцан бие биеийн хөгжлөөс ашиг хүртэх боломжтой хэмээлээ.

Цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтыг даван туулах, олон улсын болон бүс нутгийн халуун цэгүүдтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд Хятад, АНУ-ын хамтын ажиллагаа нэн чухал байна. Хятад, Америк хоёр олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хүлээж буй нөхцөл байдалд хүрэхийн тулд өргөн цар хүрээтэй, алсын хараатай байж, түүх, ард түмэн, дэлхий дахины өмнө хариуцлага хүлээх ёстой гэж тэрбээр хэллээ.

Мөн хоёр орон харилцаагаа зөв зүйтэйгээр зохицуулж, харилцан бие биенээ хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, харилцан ашигтай хамтран ажиллах ёстой. Түүнчлэн хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшил, дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах ёстой гэж Ши Жиньпин хэлэв. Тэрбээр үргэлжлүүлэн, Хятадын соёл иргэншил 5000 гаруй жилийн турш тасралтгүй хөгжиж ирсэн бөгөөд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, бусдаас суралцаж, хамтын ажиллагаа, харилцан солилцоог чухалчилдаг энх тайванч гүн ухааныг баримталж ирсэн гэлээ.

Хятад улс эдийн засгийн хурдацтай хөгжил, урт хугацааны нийгмийн тогтвортой байдлын гайхамшгийг бүтээж, туйлын ядуурлыг бүрмөсөн устгаж, бүх талаар дунд зэргийн чинээлэг нийгмийг байгууллаа. Улс орныхоо нөхцөлд тохирсон, ард түмний хүлээлтэд нийцсэн, ард түмний дэмжлэгийг авсан хөгжлийн замаа олсон учраас эдгээр амжилтад хүрсэн гэж Ши Жиньпин онцолжээ. Хятад улс цаашид Хятадын онцлогтой социализмын замаар үргэлжлүүлэн замнаж, Хятадын шинэчлэлийг бүх талаар ахиулна. Мөн энх тайван хөгжлийн төлөө тууштай байж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулахын төлөө дэлхийн бүх улс оронтой хамтран ажиллах болно гэлээ.

“Хятадын өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар илүү сайн ойлголттой болохын тулд АНУ-ын Конгрессын олон гишүүн ийнхүү айлчилж буйг Хятад улс сайшааж байна” гэж Ши Жиньпин хэлээд, хоёр орны хууль тогтоох байгууллагууд харилцан ойлголцлоо сайжруулж, хоёр талын харилцааг тогтворжуулах, сайжруулахад хувь нэмрээ оруулахын тулд харилцан айлчлал, яриа хэлэлцээ, харилцан солилцоо хийнэ гэдэгт найдаж байна гэв.

Сенатч Ч.Шумер болон бусад гишүүд үзэсгэлэнт сайхан Хятад улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэхийн сацуу Хятадын тал найрсгаар хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлээд айлчлалын үеэр Хятадын хөгжлийн эрч хүч, нөөц бололцоог мэдэрсэн гэдгээ дурдлаа. Мөн Хятад, АНУ-ын харилцаатай холбоотой асуудлаар санал бодлоо хуваалцаж, хоёр талын харилцаа тогтвортой байх нь хоёр оронд төдийгүй дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Тэд хэлсэн үгэндээ, Хятадын хөгжил цэцэглэлт Америкийн ард түмэнд тустай хэмээгээд, АНУ-ын тал Хятадтай зөрчилдөхийг ч, салж холдохыг ч эрмэлздэггүй. Харин Хятадтай харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан илэн далангүй нээлттэй байдлаар яриа хэлэлцээ, харилцаа холбоогоо ахиулж, хоёр талын харилцааг хариуцлагатай байдлаар зохицуулж, тогтворжуулж, бэхжүүлэхийг хүсэж байна гэлээ. Мөн Америкийн тал Хятад улстай хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлт, мансууруулах бодисын наймаа, бүс нутгийн мөргөлдөөн зэрэг асуудлаар харилцан санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэхүү уулзалтад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И оролцсон байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.