Хятадын Банкны захирлуудын зөвлөлийн дарга асныг баривчилжээ
Хятадын Банкны /Bank of China/ захирлуудын зөвлөлийн дарга асан Лю Лянжэг хээл хахууль авсан хэрэгт сэжиглэн баривчилжээ. Түүнийг баривчлах шийдвэрийг БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газраас гаргасан тухай Хятадын төв телевиз мэдээлсэн байна.
Лю Лянжэ мөн Хятадад томоохонд тооцогддог тус банкны намын хорооны нарийн бичгийн даргын албыг давхар хашиж байжээ. Түүнийг авлига авсан, хууль бусаар зээл олгосон хэрэгт сэжиглэж байгаа аж. Тэрбээр хэдий хэмжээний авлига авсан талаарх мэдээллийг одоогоор өгөөгүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
2012 онд Ши Жиньпин тэргүүтэй "тав дахь үеийн" удирдагчид Хятадын засгийн эрхэнд гарснаас хойш тус улсад авлигын эсрэг тэмцэл эрчимжсэн юм. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд орон даяар өрнүүлсэн томоохон кампанит ажиллагааны явцад доод албан тушаалтнуудаас эхлээд өндөр албан тушаалын олон хүн огцорч, бүх насаараа хоригдох ял авчээ.
Сэтгэгдэл