Автомат тэргэнцэрт нуусан их хэмжээний мансууруулах бодисыг илрүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудлын ажилтнууд автомат тэргэнцрийн зөөлөвчөн дор нуусан байсан 11 кг жинтэй кокаин байж болзошгүй бодисыг илрүүлжээ. Нийт 1.5 сая ам.долларын үнэ хүрэх ачааг бямба гарагт 51 настай нэгэн эрэгтэйг гаалийн шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрэх үед илрүүлсэн байна. Улмаар Карибын тэнгисийн Синт-Мартен улсаас Парисаар дамжин ирсэн уг эрэгтэйг баривчилжээ.

Хэрэв уг этгээд аюултай мансууруулах бодисыг хилээр гаргахыг завдсан гэм буруутай болох нь тогтоогдвол бүх насаараа хоригдох ял авч магадгүй байна. Гаалийн албаныхны мэдээлснээр, сэжигтэн тэргэнцрийг хоёр ачаа тээшнийхээ нэг болгон хилээр нэвтрүүлсэн байна.

Гаалийн ажилтнууд тэргэнцрийн суудлын зөөлөвч болон түшлэгийг дахин оёсон болохыг анзаарч илрүүлснийхээ дараа нэмэлт шалгалт хийсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй уг зорчигч өөрийгөө машин түрээсэлдэг компанийн захирал хэмээн танилцуулсан бөгөөд тэргэнцрийг найзаасаа зээлсэн гэж холбогдох албаныханд хэлжээ.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Гаалийн ажилтнууд энэ мөчөөс эхлэн үндэстэн дамнасан мансууруулах бодисны наймаатай тэмцэхийн тулд “ихээхэн эрсдэлтэй бүс нутгаас” ирсэн зорчигчдыг шалгах ажиллагааг чангатгана гэдгээ мэдэгдсэн байна.

Хонконгийн нисэх буудлын хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр, 2021 онд гаалийн шалгалтаар аюултай мансууруулах бодис илэрсэн 906 тохиолдол бүртгэгдсэн бол 2022 онд 931 болж нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд ийм хэргээр 178 хүнийг баривчилжээ.

Энэ нь нисэх онгоцны буудалд тэргэнцэрт нуусан мансууруулах бодисыг илрүүлсэн анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн 11 дүгээр сард Нью-Йоркийн холбогдох албаныхан нэгэн эмэгтэйн тэргэнцрийн дугуйнаас 450 мянган ам.долларын үнэ бүхий кокаиныг хураан авч байв. Түүнчлэн 2022 оны есдүгээр сард Италийн Милан хотод 1.6 сая орчим ам.долларын кокаиныг автомат тэргэнцрийн зөөлөвчинд чихэж хийсэн байсныг илрүүлж байжээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.165] 2023-10-17 06:20:46

Нуурсний хэрэг ногоон автобусийг ингэж илэруулээд хариуцлага тооцоочээ

зочин [66.181.160.19] 2023-10-17 06:16:34

маньд нь ямар ч пад алга,нүүрсний хулгай л сонин байна,яасан бол

хүннү [103.41.93.84] 2023-10-16 19:50:20

Карибын тэнгист Недерланд улсын харьяанд багтдаг гурван арал байдаг. Түүний нэг нь эгэхүү Синт-Мартен юм.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.