Даниэль Нобоа Эквадорын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч боллоо
Эквадорын ерөнхийлөгчөөр 35 настай, бизнес эрхлэгч Даниэль Нобоа сонгогдож, тус улсын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч боллоо. Д.Нобоа ням гарагт болсон сонгуульд 52.3 хувийн санал авч ялсан бол түүний өрсөлдөгч Луиса Гонзалест сонгогчдын 47.7 хувь нь саналаа өгчээ. Л.Гонзалес ялагдлаа хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчдөө баяр хүргэсэн байна.
“Үндэсний ардчилсан үйл ажиллагаа” намаас нэр дэвшсэн 35 настай Д.Нобоа бол ерөнхийлөгчийн сонгуульд таван удаа нэр дэвшиж байсан Альваро Нобоагийн хүү юм. Албан тушаалаасаа бууж буй ерөнхийлөгч Гилермо Лассо өөрт нь импичмент зарласан парламентыг тарааж, улмаар ээлжит бус сонгууль зарласан тул Нобоа ерөнхийлөгчийн албыг дараагийн сонгууль хүртэл буюу 2023 оны 11 дүгээр сарын сүүлчээс 2025 оны тавдугаар сар хүртэл 17 сарын хугацаатай хашина. Харин улиран сонгогдохыг хүсвэл 2025 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжтой.
Д.Нобоа 36 нас хүрэхээсээ таван хоногийн өмнө буюу ирэх 11 дүгээр сарын 25-нд ерөнхийлөгчийн тангараг өргөх юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад ялсныхаа дараа тэрбээр дэмжигчдэдээ хандан хэлэхдээ “маргаашнаас бид шинэ Эквадорын төлөө ажиллаж, хүчирхийлэл, авлига, үзэн ядалтад нэрвэгдсэн улс орноо авран сэргээх ажлыг эхлүүлнэ” гэжээ.
Сүүлийн жилүүдэд Эквадорт гэмт бүлэглэлүүдийн хүчирхийлэл газар аваад байгаа бөгөөд өнгөрсөн наймдугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Фернандо Виллависенсиогийн амийг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Тэрбээр сэтгүүлч байхдаа авлигатай тэмцэж байжээ. Тус улс нь кокаин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Колумби, Перу улсуудын дунд оршдог тул мансууруулах бодис наймаалагч бүлэглэлүүдийн төв болоод байгаа юм.
Д.Нобоа Эквадорын хамгийн хүнд гэмт хэрэгтнүүдийг тус улсын эрэг орчмын шоронгийн хөлөг онгоцнуудад шилжүүлж, шоронгуудад цуст үймээн самуун дэгдээж буй шоронгийн бүлэглэлүүдийг тараахыг санал болгожээ. Тэрбээр мөн Эквадорын хил, боомтуудын аюулгүй байдлыг сайжруулж, мансууруулах бодисын наймааны гол замуудыг тасалж, кокаин тээвэрлэлтийг зогсоохын тулд сканнер суурилуулахыг санал болгов. Түүнчлэн ажлын байрыг нэмэгдүүлэхээ амлажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
Зочин [139.5.216.246] 2023-10-16 22:07:17
Өрсөлдөгчөө шууд олны нүдн дээр буудуулчихсан хүн шүү дээ