Газын зурваст амь үрэгдэгсдийн тоо 3300 болж нэмэгдсэн тухай Палестины эрх баригчид мэдээлэв
НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш Ойрх Дорнодод хүмүүнлэгийн үүднээс нэн даруй гал зогсоохыг уриаллаа. Бээжинд болж байгаа “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны форумын нээлт дээр тэр ийм мэдэгдэл хийсэн байна. ДЭМБ мөн Газын зурвасын нөхцөл байдал хяналтаас гарч эхэлснийг мэдээллээ.
“Барьцааны хүмүүсийг нэн даруй, үг дуугүй суллаж явуулах, мөн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх гарц боломж нээх гэсэн хоёр уриалгыг би талуудад дэвшүүлж байна. Хүмүүсийн зовлон шаналлыг хөнгөлж, энэ 2 уриалгыг хэрэгжүүлэх хангалттай цаг хугацаа, орон зайг бий болгох үүднээс хүмүүнлэгийн зорилгоор нэн даруй гал зогсоохыг уриалж байна гэж Гутерреш мэдэгджээ. Тэрээр мөн эмнэлэг, эмнэлгийн байгууллагын алба хаагчид олон улсын хүмүүнлэгийн эрх зүйгээр хамгаалалтад байдгийг цохон мэдэгдсэн байна.
Палестин-Израилын хямрал дахин хурцадсанаас хойш Газын зурвас дахь дүрвэгсдийн тоо 1 саяд хүрсэн, тэдний 300 мянга гаруй нь НҮБ-ын Ойрх Дорнодын агентлагийн мэдлийн сургуулиудад толгой хоргодож байгааг НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Албанаас мэдээлж байна. Мөн тэдэнд хоёр 7 хоног орчмын хүнсний нөөц үлдсэн, харин дэлгүүрүүдэд 4,5 өдрийн хүнс үлдсэн байгаа тухай мэдээлжээ.
Палестины ЭМЯ-ны мэдээгээр хямрал дэгдсэнээс хойш Газын зурвас дахь Израилын дайралтуудад амь эрсэдсэн хүний тоо 3300-аас давсан. Мөн 4800 өвчтөн эмчилгээ хийлгэж чадахгүй байдалтай байгааг мэдээлсэн байна ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус харин эмнэлгийн тусламж нийлүүлэх ажил саатсаны улмаас Газын зурвасын нөхцөл байдал хяналтаас гарч байгааг анхааруулсан байна. Газын зурвасын Египеттэй залгаа хил дээр саатсан ДЭМБ-ын тусламж дөрөв дэх хоногтоо гацаанд байна. Эмнэлгийн тусламж хүлээгдсэн хором тутамд хүний амь эрсдэж байна” гэж Гебрейесус өөрийн твиттер хуудсанд мэдээлж, хямралдагч бүх талыг хүчирхийллээ зогсоохыг уриалсан байна. Үүний зэрэгцээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мөн, Газа хотын эмнэлэгт цохилт өгч олон зуун хүний амь эрсэдсэний мөрөөр шуурхай хуралдаан зарлаад байна.
Сэтгэгдэл