Аргентин улсад ирэх ирэх сард ерөнхийлөгчийн давтан сонгууль болно
Аргентин улсын ерөнхийлөгчийн сонгууль орон нутгийн цагаар Ням гарагт болж өндөрлөлөө. Энэ удаагийн санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч нийт сонгогчийн 50 хувийн саналыг аваагүй тул ирэх 11-р сарын 19-нд дахин сонгууль болно. Аргентины ард иргэд нэр дэвшигчид дундаас хэт барууны үзэл баримтлалтай Хавьер Милейг сонгогдох болов уу гэж хүлээлт үүсгээд байсан. Гэвч Хавьер Милей энэ удаагийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшсэн Серхио Массад ялагдсан нь анхаарлын төвд ороод байна.
Ням гарагийн сонгуульд Аргентины сонгуулийн насны 93 хувь нь санал өгсний дотор 36 хувийн саналаар төв зүүний үзэл баримтлалтай эрх баригч намаас нэр дэвшсэн Серхио Масса тэргүүлж байна. Удаах байранд олон нийтийн дунд хүлээлт өндөртэй байсан Хавьер Милей 30 хувийн саналаар орсон бол консерватив намын гишүүн Патришиа Булрих үлдсэн 24 хувийн саналыг авсан байна. Ирэх сарын 19-нд хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигч болох Серхио Масса, Хавьер Милей нар өрсөлдөнө. Сонгуульд ялахын тулд нийт саналын дор хаяж 45 хувийг авсан байх, эсвэл 40 хувийн саналыг авч, өрсөлдөгчөөсөө 10 хувиар илүү үзүүлэлт гаргаж байж сонгуульд ялсанд тооцно.
Ерөнхийдөө олон улсын зүгээс, Аргентины ард иргэдийн дунд ч энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль маш их хүлээлт үүсгэж байгаа. Аргентины эдийн засаг элгээрээ хэвтэж, инфляц 3 оронтой тоо буюу 140 хувьд хүртлээ өссөн өнөөгийн нөхцөлд шинээр гарч ирэх ерөнхийлөгч ямар өөрчлөлт авчрах нь чухал байгаа юм.
Олон нийтийн дунд нэр хүнд сайтай байгаа Хавьер Милейгийн хувьд эдийн засгийн эргэлт хийж, Аргентины төв банкийг татан буулган, америк долларыг гүйлгээнд нэвтрүүлж, Хятад улстай худалдаагаа зогсооно гэсэн амлалтуудыг өгөөд байгаа. Эдийн засгийн хямралд таван хүн тутмын хоёр нь өртсөн хүндхэн цаг үед ард иргэдэд эдгээр амлалт таалагдаж, олон дэмжигчидтэй болсон байсан. Гэхдээ мөн Хавьер Милейг хэт туйлширсан амлалтууд өгсөн, ийм их туйлшрал урьд нь харж байсангүй гэх иргэдийн төлөөлөл ч дутахааргүй олон байгаа юм. Тэгвэл энэ санал асуулгаар төсөөлөөгүй үр дүнг үзүүлж, саналаараа илүүрхсэн Серхио Масса нь эрх баригч намын гишүүн бөгөөд Аргентины сангийн сайд юм. Серхио Массагийн сонгуулийн компанит ажлын үеэрх гол ухуулж байсан зүйл нь Хавьер Милейгийн хэт туйлширсан үзэл баримтлалыг буруушааж, Милей төрийн эрхэнд гарвал Аргентин улс 2001 онд хямарч байсан шигээ дахин хямрах эрсдэлтэй.
Мөн Аргентины ардчилалд эрсдэл авчрах хүн гэх зэрэг сөрөг компанит ажлуудыг хийж байсан байна. Өнгөрсөн 8-р сард ерөнхийлөгчийн урьдчилсан санал асуулгаар Хавьер Милей илт давуу олонхын санал авахад Серхио Массагийн нам компанит ажлаа эрчимтэй явуулж эхлэн, ард иргэдийн итгэлийг олохоор хувь хүн, аж ахуй нэгжийн орлогын албан татварыг бууруулах зэрэг арга хэмжээ авсан нь үр дүнгээ үзүүллээ гэж ажиглагчид үзэж байна.
Ямартай ч ирэх сарын сонгуульд хэн нь ч ялсан бай эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг шийдвэрлэх үндсэн үүрэг хариуцлагыг үүрэх болно. Аргентины төв банкны валютын нөөц дууссан байгаа. Эдийн засаг уналтад орох нь тодорхой байна. Олон улсын валютын сантай хамтарсан 44 тэрбум америк долларын хөтөлбөр тогтворгүй байна зэрэг өнөөгийн нөхцөл байдал дээр дотоод гадаадын ажиглагчид дүгнэлт өгч байгаа юм байна.
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.149] 2023-10-29 19:31:52
Холын Аргентин бидэнд хамаагүй. Монгол ч Аргентинтэй наймаа хийдэггүй.