БНХАУ-ын дроны хязгаарлалт Украины цэргийн үйл ажиллагаанд нөлөөлж магадгүй
Орос-Украины дайн эхлээд 18 сар өнгөрсөн байна. Энэ хугацаанд хоёр тал уламжлалт цэрэг зэвсгийн ажиллагаанаас гадна байлдааны дроныг өргөнөөр ашиглаж байгаа. Дроныг байлдаанд өргөнөөр ашигласан анхны дайн ч гэж олон улсын ажиглагчид үзсээр ирсэн. Дайтагч талуудыг дрон болон дроны эд ангиар хангадаг гол эх үүсвэрүүдийн нэг нь Хятад улс юм. Тэгвэл өнгөрсөн 9-р сарын 1-ээс Хятад улс дроны экспортоо хязгаарлаж эхэлсэн байна. Энэ нь Украины цэргийн ажиллагаанд нөлөөлж эхэлснийг эх сурвалжууд мэдээлж байна.
Украины зэвсэгт хүчин сард 10 мянган дрон үрэгдүүлдэг гэсэн судалгаа байна. Украиныг санхүүжүүлдэг сайн дурын бүлгүүдийн тусламжтай дроны алдагдал эд ангиа нөхөн худалдаж авдаг. Хятадаас холын зайн удирдлагатай, 4 болон түүнээс дээш килограммын жинтэй дронууд, мөн дроны эд анги, камер, радио төхөөрөмжүүдийг худалдаж авдаг.
Тэгвэл Хятадын дрон үйлдвэрлэгчид өнгөрсөн сараас эхлэн эдгээр төхөөрөмжийг худалдан авах олон улсын лиценз, мөн цааш дамлан зарахгүй гэсэн баримт шаарддаг болж байгаа юм. Мөн сурталчилгааны зориулалттай дронуудыг цэргийн үйл ажиллагаанд ашиглаж болохгүй гэсэн худалдааны дүрэм баримтлах болсон байна. Украины цэргийн хүчнийнхний хэлж байгаагаар тэдний гол хэрэглэдэг Хятадын DJI компанийн үйлдвэрлэдэг газар сайгүй явагч хөнгөн жинтэй Мавик дрон шинэ экспортын хязгаарлалтад багтаж, эд ангиуд нь хомстож эхэлсэн байна.
Одоогийн байдлаар Европын нутаг дэвсгэр дээр арилжаалагдаж байгаа нөөцийн дронуудыг л худалдаж авч байна гэж мэдээлсэн байна. Дроны эд ангиуд хомсдож байгаагийн дотор нөөц нь шавхагдвал хамгийн амин чухал гэж тооцогдож байгаа нь биеийн дулаан илрүүлэгч камер юм байна. Өдөр богиносч, шөнө уртасч байгаа намар, өвлийн улиралд биеийн дулаан илрүүлэгч камер нэн чухал байна. Биеийн дулаан илрүүлэгч камераар ямар ч цаг агаартай байсан, өдрийн аль ч цагт илрүүлэх боломжтой.
Харин энэ камерын дутагдал үүссэнээр Украины армийн дроны тактик үндсэндээ сохорсноос ялгаагүй гэдгийг сайн дурын бүлгийнхэн хэлж байна. Хятадын DJI компани өнгөрсөн онд Орос-Украины дайн дэгдсэнээс хоёр сарын дараачаас байлдааны хоёр талд хоёуланд нь шууд дрон нийлүүлж эхэлсэн. 2022 оны 8-9-р сард харин дрон нийлүүлэлт эрс буурсан.
Түүнээс хойш Европын бусад орон руу экспортолсон дронуудыг Украин улс худалдан авч хэрэглэж байгаа юм. Харин сүүлийн хэдэн сард DJI компани Украинд дрон нийлүүлдэг Европын ханган нийлүүлэгчид рүү дрон экспортлохоо эрчимтэй багасгаж эхэлсэн нь олон улсын зах зээлийн шинжээчдийн анхаарлыг татсан байна. Хятадын дроны хязгаарлалтад ганц Украин өртөж, хямарч байгаа нь биш юм. Оросын тал ч мөн энэ хязгаарлалтын улмаас дулаан илрүүлэгч камер зэрэг дроны эд ангийн хомсдолд орж эхэлснээ мэдээлсэн байна. Оросын тал Хятадад үйлдвэрлэсэн дроныг Казахстан зэрэг төв Азийн орнуудаас авдаг байсан бол шинэ хязгаарлалтын дагуу эдгээр улс руу мөн дрон худалдаалахаа танаж эхэлсэн байна. Украин улс дроны эд ангийн хомсдолоо нөхөхийн тулд Барууны орнууд болон дотоодын старт-ап компаниудын дрон үйлдвэрлэл зэрэг өөр эх үүсвэрүүдийг судалж эхлээд байгаа юм байна.
Сэтгэгдэл
Зочин [118.221.209.8] 2023-10-24 09:55:35
хятдад микроплазма гэдэг уушигны үрэвсэл тархсан байхад яагаад мэдээлэхгүй нуугаад байна