УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Шинэчлэлийг Сонгуулиа Шудрага Явуулахаас Эхэлье!
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягтай өнөөдрийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Тэрээр ярилцлага өгөх үеэрээ “Улс Төрийн Намуудын Сонгуулийн Зардлын Их Үүсвэрийг Тодорхой Болгосноор Авилгал Буурна, Шудрага Сонгууль болно. Иймд Өнөөгийн УИХ-ын Гишүүдээс Холбогдох Хуулийн Төслийг Санаачлан Батлахыг Шаардах хэрэгтэй байна” хэмээн онцлон тэмдэглэж байлаа.
-Урилгыг хүлээн авч ярилцлага өгч буй танд баярлалаа. Юуны түрүүнд УИХ-ын гишүүн байсан туршлагатай улс төрчийн хувьд та улс төрийн намуудын санхүүжилтийн талаар ямар бодолтой явдаг бэ. Монгол Улсад авилгал өсч байгаа төдийгүй, авилга албан тушаалын хэрэгт улс төрчид ихэвчлэн холбогддог хэргүүд их гарах боллоо.
-Монгол Улс( МУ)-ын Үндсэн Хууль(ҮХ)-д 2019 онд орсон өөрчлөлтөөр улс төрийн намын санхүүжилттэй холбогдуулж ҮХ-ийн 19’-ийн 3-д “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна” гэж заажээ. Энэ заалт бол дэвшил. Иймд одоо Улс төрийн намын тухай, УИХ-ын Сонгуулийн тухай зэрэг органик хуулиуддаа энэ өөрчлөлтийг маш тодорхой оруулах хэрэгтэй байна. Монгол Улсад авилгал өсөөд байгаа томоохон шалтгаануудын хамгийн том нь Улс төрийн тухайлбал улс төрчдийн, ялангуяа улс төрийн намын санхүүжилт, түүнчлэн сонгуулийн зардлын үүсвэрийн ихэнх нь тодорхой бус байдагтай шууд холбоотой. Улс төрийн мөнгөний их үүсвэр нь тодорхой бус байна гэдэг нь хууль бус мөнгө гэсэн үг. Хууль бус мөнгө гэхээр ихэнхдээ татвар төлөгчдийн хөрөнгө болох улсын төсөв, эсхүл төрийн өмчит компаниудын өмчөөс завчсан, зувчуулсан хөрөнгө, мөнгө л дөө. Мөн намууд том компаниудаас хуульд заасан хязгаараас хэд хэд дахин их санхүүжилт авч, энэ хууль бус өрөө сонгуульд ялсныхаа дараа олон нийтийн баялагаас олон дахин илүү хэмжээгээр нөхөх давуу эрхийг тэдэнд бүрдүүлдэг гэх. Дээр дурьдсан улс төрийн хууль бус санхүүжилтийн талаар дотоод, гадаадын судлаачдын, мөн олон улсын байгууллагын судалгаа, дүгнэлтэнд хангалттай дурьдсан байдаг.
УИХ-ын сонгуулиар СЕХ-оос тухайн тойргийн нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хязгаарыг тогтоож өгдөг ч бодит тохиолдолд, энэ хязгаараас дунджаар 3-5 дахин илүү мөнгө зарцуулагддаг гэсэн судалгаанууд байдаг.
Өнөөгийн байдлаар хүчинтэй мөрдөгдөж буй Сонгуулийн тухай хуулинд “Хэрэв нэр дэвшигч иргэд, сонгогчдын саналыг худалдаж авахаар мөнгө тараагаад баригдвал, тараасан мөнгийг нь 10-20 дахин үржүүлж торгоно” гэсэн утгатай заалт байгаа байх. Гэтэл энэ заалт өмнөх 3 удаагийн сонгуулиар хэрхэн хэрэгжсэн нь тодорхойгүй байна. 2020 оны УИХ-ын сонгуулиар зарим тойрог дээр нэг сонгогчид тараасан бэлэн мөнгө 300 мянган төгрөгт хүрсэн гэх мэдээлэл гарсан. Мөн сонгуульд ямарч үнээр хамаагүй ялахын тулд орон нутагт иргэд, сонгогчдод мал тухайлбал хурдан удмын адуу хүртэл тараадаг тухай ч мэдээлэл байдаг. Нөгөө талаас сонгуульд оролцож ялах магадлалтай намд компаниуд, бизнес эрхлэгчид тэрбум, тэрбум төгрөг, тэдэн зуун сая төгрөг өгсөн гэнээ гэх үнэн худал нь үл мэдэгдэх албан бус мэдээлэл гарч л байдаг. Мөн сонгууль өнгөрөөд 1,2 жил болсны дараа тэр гишүүн сонгуулийн үеэр бусдаас авсан тэдэн сая төгрөгөө сонгуулийн тайландаа тусгаагүй байсан гэх мэдээлэлүүд ч гарсаар байна.
- Ер нь сонгуулиар иргэдэд мөнгө тараадаг хууль бус үйлдлүүд их гардгыг та хэллээ. Энэ бүхний үр дүнд мөнгө тараасан улс төрчид ялж, ард түмэн ялагддаг, Монгол Улсын хөгжил хоцрогддог нь амьдралаас харагдаж байна. Ер нь бид шударга сонгууль явуулж чадах болов уу ирэх жил?
-Ирэх жил сонгууль болно. Ирэх оны Цагаан сарын дараагаас улстөрийн намууд хар, цагаан PR-ийн том том контентийн нэвтрүүлгүүд хийгээд телевизүүдээрээ цацаж эхлэнэ. Мөн сонгуулийн компанит ажил эхлэхэд болон энэ ажлын үеэр зарим намууд ихэнх хэвлэл мэдээллийн байгуулагад хангалттай мөнгө төлөн худалдан авч амыг нь барьчихдаг гэсэн мэдээлэл ч байдаг. Мөн Шудрага сонгууль явуулахад сонгууль хариуцсан СЕХ зэрэг төрийн байгууллагын удирдлага, бүтэц бүрэлдэхүүн нь сонгогчдын итгэлийг даахаар бүтэцтэй байх нь нэн чухал юм. Иймд СЕХ-ны өнөөгийн эрх баригч намын гишүүдээс олонх нь бүрдсэн бүрэлдэхүүнийг өөрчлөх нь шудрага зарчимд нийцнэ.
Мөн сонгуулийн үеэр аль нэг нам, аль нэг нэр дэвшигчид хууль сахиулах, хянах байгуулагын ажилтнууд үйлчлэх тохиолдлууд нэмэгдсээр байна гэсэн судалгаа дүгнэлт байдаг. Иймд сонгуулийн дараа ийм хууль бус үйлдэл гаргасан төрийн тусгай албан хаагчдыг бусад орны жишгээр дахиж төрд алба хаших боломжгүйгээр хариуцлага тооцдог байхаар хуульчлах хэрэгтэй болов уу гэж харж байна.
Иймээс Шинэчлэлийг ирэх жилийн Сонгуулийг шудрага явуулахаас эхлэхийг тойргийнхоо УИХ-ын гишүүдээсээ хүсэхийг Монгол Түмэндээ уриалах байна. Хэрэв өнөөг хүртлэх шигээ сонгуулийг мөнгөний сонгууль болгосон хэвээр байх аваас Монгол Улс хөгжихгүй, улам дордох үндэслэлтэй!
Бидэнд “Эх нь булингартай бол Адаг нь булингартай”, “Дээрээ суудлаа олохгүй бол, Доороо Гүйдлээ олохгүй “ зэрэг ардын олон сургаал үгс бий! Угтаа бол сонгуульд намууд зөвхөн “Амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үүний баталгаа болох Шинээр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөж” сонгуульд оролцох хуультай, энэ нь ч олон улсын жишиг юм.
-Эрх баригч нам мэдээж ирэх жилийн сонгуулиар ялахын тулд одоо байгаа дийлэнх олонхын суудлаа хадгалахын тулд эрх мэдлийнхээ хүрээнд олон шийдвэрүүдийг сонгуулиас өмнө гаргах байх. Мэдээж халамжийн бодлогоор дамжин иргэдийг татах санал авах ажлууд хийгдэх байх гэж зарим иргэд шүүмжилж байна л даа.
-Үнэхээр таны асууж байгаа нь зөв. Эрх баригч нам нь сонгуулиар бэлэн мөнгө тараах, халамж амлах, төрийн байгуулагуудад зориулсан чухал биш олон барилга барих болон цөөхөн хүн явдаг сумууд уруу асфалтан зам тавих зэргээр сонгуульд ялах зорилгоор сонгуулийн жилд улсын төсвийн зардлыг үр өгөөжгүй зардлаар 30 гаруй хувиар тэлэх, их хэмжээний алдагдалтай батлах, энэ алдагдлаа гадны зээлээр нөхдөг байдал давтагдан даамжирах шинжтэй боллоо.
Улсын төсвийг их хэмжээгээр тэлсэн тэлэлтээ нөхөх, алдагдлаа багасгахын тулд Монгол банкинд үүрэг өгч их хэмжээний мөнгө хэвлүүлж зах зээлд нийлүүлүүлдэг. Ингэснээр жамаараа төгрөгийн ханш уруудсаар манай улс дэлхийд ханш муутай үндэсний валюттай улс болж хувираад байна.
Ийм буруу шийдвэрүүдээс нь болж сонгуулийн жилийн сүүлчээс эхлэн үндэсний валют төгрөгийн ханш унах, инфляци 2 оронтой тоонд байнга байх, импортын өргөн хэрэглээний барааны үнэ 3-аас дээш дахин өсөх, Засгийн газрын гадаад өр ердөө 6-7 жилд 2 дахинаас илүүгээр нэмэгдэж үр дүнд нь Монгол хүний 45 орчим хувь нь ядуувтар амьдрах боллоо.
Заримдаа цалин, тэтгэвэрийг 20 хувь хүртэл хувиар нэмдэг боловч, төгрөгийн ханшны уналт, инфляц, юмны үнийн өсөлт нь энэ цалингийн нэмэлтээс хол илүү даваад явчихдаг тул ямар ч үр дүнгүй болдог. Иймээс бусад ардчилсан орнуудад сонгуулийн жилд зөвхөн сонгуульд ялах зорилгоор төсвийн зарлагыг үр өгөөж муутайгаар хэт тэлэхийг хориглодог байна. Бид ч бас үүнийг дагах ёстой.
-Энэ удаагийн төсөв урд байгаагүй их дүн буюу 28 их наяд төгрөг яригдаж байна. Одоогийн төсөв туйлын өөдрөг төсөөлөлтэй ч ирэх хавар маш муу төсөв болсон нь харагдана гэж зарим улс төрчид хэлж ярьж байгаа. Төсөв хэлэлцэж байгаа энэ үед таниас төсвийн тухай асуухгүй өнгөрч болохгүй байх.
-Уг нь Монгол Улсын Үндсэн хуулинд хөгжлийн бодлогыг тогтвортой байлгана, түүнчлэн төсөв, мөнгөний бодлогыг дунд хугацаанд тогтвортой байлгах зорилготой заалтууд төсвийн тухай, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн, төсвийн тогтвортой байдлын тухай зэрэг хуулиудад байдаг боловч ер тоохгүй, зөрчихийг нь зөрчөөд, өөрчлөхийг хүч түрэн өөрчлөөд явчихдаг болсон байна. Нөгөө эрх баригч МАН-ын дарга нарын “хуулийн засаглалыг бэхжүүлнэ” гэдэг амлалт талаар өнгөрч, бодлогогүй, хуульгүй орон болж хувирч байна. Хэрэв 2024 оны сонгуульд ялах зорилготой төсвийн тухай хуулийг, сонгуулийн дараа гарах үр дүнг нь мэдсээр байж энэ УИХ тэрчигээр нь баталвал “төр, нийт ард түмний нийтлэг эрх ашгийн эсрэг” хууль баталсан хариуцлагад унахыг үгүйсгэхгүй. Улмаар энэ чигээрээ төсөв батлагдвал энэ удаагийн УИХ-ын сонгуулийн дараа жилийн эцсээр, эсхүл 2025 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 4,000 төгрөгт ойртон унаж ч магадгүй юм. Хэрэв ингэвэл Монгол Улс ажиллах хүчнээр улам их дутагдалд орно.
Одоо ч гэсэн олон залуус, дээр нь багш, эмч нар маань гадаад ажиллахаар явсаар байна. Гол шалтгаан нь тэдний авдаг цалин нь төгрөгийн ханш унаж юмны үнэ ихээр нэмэгдсэнээр яаж үзээд ч дийлэхгүй болсон учраас цөхөрсөндөө гадагш явж байна.
Арга ч үгүй байх. 2016 онд 2 сая төгрөгийн цалин 1052 (1ам$-ийг 1900₮ байсан гэж тооцвол) ам.доллартай тэнцэж байсан бол,өнөөдрийн 2сая төгрөг 580 ам.доллартай тэнцэх болж , төгрөгийн ханш ойролцоогоор 2 дахин унасан байна.
Энэ утгаар нь сонгуулийн дараа Монголчуудын амьдралын чанар 1-2 жилээр ухардаг гэж хэлээд байгаа юм. Энэ замаар сонгуульд ялахын тулд сонгуулийн жилийн улсын төсвийн зардлыг гаднаас өр тавин тавин тэлдэг, УИХ дахь олонх нь төсөвтэй холбогдох хэд хэдэн хуулийг зөрчин хүчирхийлдэг зэрэг нь сонгуулийг шудрага бус болгоод зогсохгүй, Монгол хүний эх орондоо ажиллаж амьдрах орчин, нөхцөлийг улам дордуулсаар байна.
Тухайлбал олон залуус ,идэр насныхан гадагш ихээр явах болсон нь баян хоосны ялгаа нэмэгдэж, ядууралыг хамрах хүрээ тэлж, дундаж давхарга нарийсан багасч, үр дүнд нь худалдан авах чадвартай иргэдийн тоо буурсаар байгаатай холбоотой.
Иймд манай УИХ-ын гишүүд, УИХ-ын удирдлага 2024 оны сонгуульд зориулсан төсвийг “төсвийг алдагдалгүй баталж, төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ирэх онд ам.долларын эсрэг төгрөгийн ханшийг ядахдаа 10%-иар чангаруулах, цалин, тэтгэврээ нэмэх, төсвийн урсгал зардлыг гаднаас зээл авч ирээдүйгээс булааж нөхөхийг зогсоох” зэрэг зорилтуудыг хангасан байхаар өөрчлөх хэрэгтэй байна.
-Ингэхийн тулд таныхаар ямар боломжууд байна...
-Боломжууд бий. Ер нь улсын төсвөөсөө үр өгөөжтэй 1-2 томоохон төслийг санхүүжүүлдэггүй юмаа гэхэд, ядахдаа үр ашиггүй төсвийн урсгал тэлсэн зарлага, алдагдлыг гадны хүүтэй зээлээр санхүүжүүлэх болсныг нэн тэргүүнд хориглох хэрэгтэй байна. Улстөрчдийн ирэх сонгуулиа бодсон увайгүй ийм богино зайны шийдвэрүүд нь улс орныг нь санхүүгийн хувьд сүйрэлд хүргэсэн олон гашуун жишээнүүд байдаг бөгөөд, Монгол Улс ч тэр замаар замнаж байна.
Мөн аж ахуй эрхлэгч иргэд, экспортын чиглэлд уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлээ тэргүүн ээлжинд шалан дээр унасан бизнесийн орчныг нь сайжруулах, сайн нөхцөлтэй зээлээр шууд дэмжих бодлого, тийм арга хэмжээ чухал байна.
Өнөөг хүртэл УИХ улсын төсвийн зарлагыг хэт их тэлж, төсвөө өндөр алдагдалтай батлахаар, Монгол Банк инфляцийг хязгаарлахын тулд бодлогын хүү нэмсэнээр, арилжааны банкны зээлийн хүү нэмэгдэхээс гадна, санхүүгийн зах зээл дээр чөлөөтэй ажиллах хувийн хэвшлийн орон зай хумигддаг, төр засаг нь зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар дамжуулж л ААН-үүдээ дэмжих хоцрогдсон бодлого явуулдагаас болж төрд эрх мэдэлтэй хүмүүс,тэднийг тойрсон цөөхөн бүлэг хүмүүсийг зоолуулаад дуусдаг болох нь холбогдох үзүүлэлтүүдээр тодорхой харагдсаар байна.
Нэг жишээ хэлэхэд гаднаас зээл авч төсвийн үргүй зардлыг санхүүжүүлж байхаар, тэр зээлээрээ ганц цахилгаан станц бариулчихад Монгол Улсын нийтлэг эрх ашигт хамгийн сайнаар нийцэж, төсвийн үр өгөөж сайжирна.
Цахилгаан эрчим хүчний дутагдалд орвол эх орны эдийн засаг, нийгмийн амьдрал зарим бүс нутгаасаа эхлээд таг зогсч эхэлнэ. Мөн тэр хамгийн их ачаалалтай Гашуун Сухайт-Ганц модны боомт дээрх өөрийн төмөр замаа БНХАУ-ын төмөр замтай холбочиход л нүүрсний биет экспортын хэмжээ 2-3 дахин тэлнэ гэсэн тооцоо бий.
-Монгол Улсын төсвийн цоорхойг гадаад өрөөр нөхөж байгаа нь бид ирээдүйгээсээ хулгай хийж, богино зайнд ялалтанд хүрэхийн тулд ирээдүйгээ маш их эрсдэлд оруулж байгаагаас ялгаагүй. Гадаад өр нэмэгдэж байгааг та юу гэж харж байна.
-Төсвийн төслөөр 2024 онд төсвийн цоорхойг нөхөхөд гаднаас 1.0-1.5 тэрбум ам.долларыг зээлээр авахаар төлөвлөж байгаа гэх. Хуульд зааснаар тэр Ирээдүйн Өв Сангийн хөрөнгийг мэргэшсэн компаниар менежментийг нь хийлгэж ам.доллараар өсгөхгүй Монгол Банкны дансанд хөдөлгөхгүй олон жил хав дарж ирсэн гэдгийг ойлгохгүй юм. Ямар нэг сан гэдэг чинь өсч арвиждаг болохоос биш, хөдөлгөөнгүй дарчихдаг, эсхүл шууд хоосолчихдог зүйлийг хэлдэггүй баймаар юм. Энд ажил хариуцсан хүмүүс нь хариуцлагагүй, дээр нь сэтгэл алга даа гэхээс өөр хэлэх үг алга.
-Ер нь таны түрүүн иш татсанчлан “Эх булингартай бол адаг нь булингартай” гэж. Үнэхээр ийм нөхцөл байдлууд нь шударга сонгууль явуулна гэдэгт итгэх иргэдийн итгэлийг бууруулж байна л даа.
-Үндсэн сэдэв маань төсөв лүү хэт хацайчихлаа. Тэгэхээр сонгуулиа шудрага явуулахын тулд товчхондоо улс төрийн бүх санхүүжилтийн үүсвэрийг нь ил тод болгоё, сонгууль хариуцсан СЕХ зэрэг төрийн байгуулагыг олон түмэн итгэхээр бүрэлдэхүүнтэй болгох хэрэгтэй байна.Тодруулбал татвар төлөгчдийн хөрөнгө болох улсын төсвөөс, мөн төрийн өмчит компаниас хөрөнгө гаргуулж сонгуульд зарцуулсан нь тогтоогдвол тухайн намын удирдлага,түүнчлэн намын даргыг нь сонгуульд ялсан, ялагдсанаас нь үл хамаарч улс төрд буцаж ирэхгүйгээр зайлуулах, энэ нь хэрэв ноцтой бол тухайн намыг нь татан буулгах хүртэл хуулийн хариуцлага тооцдог болох хэрэгтэй гэж бодож байна. Мөн нэр дэвшигчийн сонгуульд зарцуулсан мөнгөний эх үүсвэр шалгалтаар хууль бус нь тогтоогдвол сонгуульд ялсан, ялагдсанаас үл хамаарч, тухайлбал гишүүн болсон байсан ч улс төрд буцаж ирэхгүйгээр зайлуулах, мөн гишүүнээс нь огцруулдаг байхаар хуульчлах хэрэгтэй.
Мөн улстөрийн нам, нэр дэвшигчид иргэд сонгогчдод албан тушаал амласан нь тогтоогдвол хатуу хариуцлага хүлээлгэдэг болох. Нэгэн жишээ дурдахад, Дэлхийн 2-р дайны дараа 60-80-аад оны хооронд Япон, Солонгос зэрэг улсад парламентийн гишүүнээр сонгогдсон олон улстөрчид сонгуульд хууль бус санхүүжилт ашигласан нь тодорхой болж гишүүнээсээ өөрсдийн саналаараа татгалзаж байсан байдаг. Заримдаа энэ татгалзсан парламентийн гишүүдийн тоо 40 гаруй хүн болж байсан ч тохиолдол байдаг. Олон улсын хэмжээнд бол намууд нь ч хууль бус сонгуулийн санхүүжилтээс болж татан буугдахдаа хүрч байсан тохиолдлууд ч бий.
Одоо ихэнх хөгжилтэй ардчилсан орнуудад сонгуульд үүсвэр нь тодорхой бус санхүүжилт зарцуулагдсан нь их багийн хэмжээнээс үл хамаарч тогтоогдсон л бол, нэр дэвшилтээс, эсхүл парламентийн гишүүнээс татгалздаг нь нийтлэг соёл болжээ! Үүний тулд нам, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын санхүүжилтийн үүсвэр, зарлагад нь олон нийтийн оролцоотой аудит хийдэг байхаар хуулийн зохицуулалт хийх. Мөн хувийн компаниуд хууль зөрчин холбогдох хуульд заасан хэмжээнээс илүү их хэмжээгээр нам, нэр дэвшигчдийг ил, далдаар санхүүжүүлсэн нь тогтоогдвол тэр хэмжээг нь 3-5 дахин их хэмжээгээр нэмэгдүүлж хариуцлага тооцдон байхаар хуульчлах шаардлагатай.
Түүнчлэн төрийн сонгуулийг зохион байгуулах төрийн гол байгуулага болох СЕХ-ны үйл ажиллагаанд иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх замаар иргэдийнхээ төрийн сонгуульд оролцох эрх, эрх чөлөөг нь хамгаалан дээдлэхийн тулд СЕХ-ны шийдвэр гаргах бүтцийн 20-иос илүүгүй хувийг нь аль нэг намын гишүүн байж болохоор хуульчилж, бүтцийн шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага байна. Төрийн тусгай албан хаагчид аль нэг нам, нэр дэвшигчид тусгайлан үйлчилсэн нь тогтоогдвол албан тушаалаас нь буцаж ирэхгүйгээр холдуулах гэх мэт.
Мөн дижитал цахим орчин энэ зуунд аль ч оронд хамгийн их нөлөөтэй болсон тул ухуулагч нэрээр цалинжуулж маш олон иргэдийн саналыг авдагийг болиулах зогсоох хуулийн зохицуулалт ч хэрэгтэй!
Дээр нь Монгол Улс хүн амын тоотойгоо харьцуулахад энэ дэлхийд хамгийн олон телевизтэй орон болсон.
Ер нь сонгуулийн зардлын эх үүсвэр нь хууль бус байх, ихэнх зардал нь тайланд тусгагдаагүй далд байх зэргээс улбаалж сонгууль шудрага бусаар явагдана гэдэг нь гарцаагүй үндэсний аюулгүй байдлын асуудалд хамаардаг эмзэг асуудал юм. Үүнд ҮАБЗөвлөл одоо анхаарах хэрэгтэй болжээ.
-Та УИХ-ын гишүүн байсан хүний хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хараад алдаа оноо, засаж залруулчихмаар зүйлүүд их ажиглагддаг байх. Ер нь шударга нийгмийг бүтээхийн тулд та ямар уриалгыг үе үеийн улс төрчдөд хандан хэлмээр байна.
-Дүгнээд хэлэхэд одоогийн УИХ-ын гишүүд, мөн УИХ-ын удирдлага төрийн сонгуулийг шудрага явуулахтай холбогдуулж Сонгуулийн тухай Улстөрийн намын тухай, Сонгуулийн байгуулагын тухай хуульд дээр дурьдсан чиглэлүүдэд өөрчлөлт оруулж чадвал эх орныхоо хөгжил, ирээдүй хойч үеийнхээ төлөө байгуулсан томоохон гавьяа болж түүхэнд үлдэнэ. Эс бөгөөс улс төрийн , түүнчлэн намуудын сонгуулийн хууль бус санхүүжилтээс болж эх орны төсөв, санхүү асар их суларч, авилгал гаарсан хэвээр байх нь тодорхой байна.
Гэвч сонгуулийн тухай хуулиудад сонгууль болохоос өмнө 1 жилээс, эсхүл 06 сараас өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хуультай гэсэн маргаан, мэтгэлцээн өрнөх байх. Тэр нь ч зөв. Гэхдээ сонгуулийн тогтолцоо, тойргийн хувиарлалт, сонгууль явуулах хугацаа зэрэг тодруулбал өмнөх сонгуулиар сонгогдсон төрийн улстөрийн албан тушаалд одоо байгаа улстөрчдөд давуу эрх олгох заалтуудаа өөрчлөхгүй байхад хангалттай.
Би сүүлийн үед төсөв, сонгууль гээд улс төрийн шийдвэртэй холбоотой шүүмжлэл, саналаа идэвхтэйгээр сошиал орчинд нийтэлж байгаа. Энэ нь нэг талаас ардчилсан Монгол Улсын иргэний эрхээ эдэлж байгаагаас гадна, нөгөө талаас энгийн иргэд, сонгогчдынхоо дунд ажиллаж амьдарч яваа жирийн иргэний хувьд, өнөөгийн нийгмийн сэтгэлзүй сайнгүй, тун тааруу, мөн олон иргэдийн төр, засагтаа итгэх итгэл суларсаар байгаа нь судалгаануудаас харахад тодорхой байна. Иймд УИХГишүүд, эрх баригч МАН болон цөөнх АН-ын гишүүдэд хандаж өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн байдалд бодитоор дүгнэлт хийж, нийт иргэдийнхээ сэтгэлд хүрэхээр судалгаанд үндэслэсэн гэрэл гэгээтэй олон ЗӨВ шийдвэрүүдийг гаргах шаардлагатай цаг үе ирсэн гэдгийг тэмдэглэн хэлэх байна.
Энэ дашрамд би ямар улс төрд байж үзээгүй биш, улс төрд энэ сонгуулиар буцаж орох зорилгоор өнөөгийн төр, засгийг шүүмжлэх шаардлага надад байхгүй гэдгийг хэлэх байна.
Нийт Монголчууд бидэнд, нэг л ирээдүй, нэг л эх орон бий!
Иймээс шинэчлэлийг Сонгуулиа Шудрага Явуулахаас Эхлэхийг уриалах байна!
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
БАЙНГЫН ХОРОО: Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хэлэлцэнэ
Л.Мөнхбаясгалан: Баярлах эрт байжээ
З.Энхболд: 2015 онд "Эрдэнэс Тавантолгой"-г Хятадын компанид бэлэглэсэн бол юун жил бүр ногдол ашиг авах
Л.Энх-Амгалангийнх П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарынхаас ч аюултай гэв үү
П.Сайнзориг: Цаг хугацаа тэгээд эцсийн шүүгч хийнэ ээ
Путин: Оросын тал зөвшилцөхөд бэлэн
"28 тэрбумаар 32 мянган зуух шинэчилнэ гэдэг дахиад л үр ашиггүй мөнгө гаргаж байгаа ажил"
ТОЙМ: “Үхлийн хөндий”-н өрөвдөм иргэд
А.Амартүвшин: Айл өрхүүдийг хий болон цахилгаан халаагуурт шилжүүлэх тооцоо судалгаа хийж байна
Үндэсний баялгийн санг “Чингис сан” гэж нэрлэв