Францын нислэгийн хяналт удирдлагын системийн шинэчлэлийн хүрээнд 16 мянга гаруй нислэг цуцална
Францад нислэгийн удирдлагын систем буюу манайд хэлж заншсанаар нисэхийн диспетчерийн үйлчилгээг шинэчлэх ажил явагдаж байгаа юм байна. Энэ хүрээнд ирэх оны эхний хоёр сарын дотор Францын гол томоохон нисэх буудлуудад 16000 гаруй нислэг цуцлагдахаар байгааг мэдэгдсэн байна.
Францын агаарын хөдөлгөөнийг хянан зохицуулах албанд одоо ашиглагдаж байгаа зарим систем бүр 1970-аад оны үеийнхээр, маш их хоцрогдсон байна. Улмаар энэ системийн шинэчлэлийн ажил сүүлийн жилүүдэд тогтмол явагдсаар, ирэх 2024 оны эхний хоёр сард шинэ системийн туршилт хийгдэх болсон юм байна. Системийн программ хангамжийн туршилт 6 долоо хоногийн туршилт ингэж явагдсаны дараа ирэх оны 11 сараас бүрэн хэмжээгээр ажиллагаанд оруулахаар төлөвлөж байгаа юм байна.
Улмаар жилдээ 2,5 сая зорчигчдод үйлчилдэг францын агаарын тээврийн салбар 2024 оны 1 болон 2-р сар үйлчлүүлэгчдэд нэлээд амаргүй болж магадгүй гэдгийг сэрэмжлүүлэх үүднээс энэ мэдээллийг хийсэн байна.
Бизнесийн хүрээний мэдээллээр дагнасан BFM сувгийн мэдээлснээр, энэ хүрээнд 16500 нислэг цуцлагдах төлөв хэдийнэ гарсан. Ялангуяа ирэх оны 1 сарын 9-нөөс 2-р сарын 14-ны хооронд Парисын Шарль де Голлийн, мөн Орли, Ле Бурже зэрэг гол томоохон нисэх буудлуудад буух болон хөөрөх нислэгийн тоо 20 хувиар буурна гэж мэдээлжээ. Яг аль аль нислэгүүдийг цуцлахыг нисэх буудлууд өөрсдөө шийдэх ч гэлээ гол төлөв холын нислэгүүд энд өртөх магадлалтай байна. Нэг тэрбум шахам еврогийн хөрөнгө оруулалттай Францын агаарын хөдөлгөөний удирдах системийн шинэчлэлийн дүнд илүү олон нислэгийн үйлчилгээг илүү өндөр үр ашигтайгаар зохицуулах зорилготой байна.
Сэтгэгдэл