Ерөнхийлөгч Байден дайн тулааныг гурав хоног завсарлахыг Нетаньяхуд уриалжээ

Aдмин / Гадаад мэдээ

ХАМАС бүлгийн эсрэг одооны дайн дууссаны дараа Израил улс Газын зурвасыг “дахин эзэлж” цэргээ энд урт хугацаагаар байрлуулахыг Вашингтон дэмжихгүй гэдгээ мэдэгдэж байна. Дайны дараа Газын зурвасын аюулгүй байдлыг Израил улс хариуцна гэсэн Израилын Ерөнхий сайдын мэдэгдлээс үүдэж америкийн албаныхан ийм байр сууриа дахин илэрхийлсэн байна. Мөн Ерөнхийлөгч Байден Израилын Ерөнхий сайдтай утсаар ярьж, цэрэг дайны ажиллагаагаа хүмүүнлэгийн үүднээс гурав хоног түр зогсооход уриалсан талаар хэвлэлүүд мэдээлж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал эрхэлсэн төлөөлөгч Жон Кирби өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, Израилын батлан хамгаалах арми Газад хяналтаа тогтоохыг дэмжихгүй гэдэг дээр Ерөнхийлөгч Байден маш тодорхой байр суурьтай байгаа” гэж мэдэгдсэн байна. Израилын Ерөнхий сайд Нетаньяху даваа гарагт америкийн ABC news сувагт, “Газын зурвасын аюулгүй байдлыг Израил хариуцаж сахиулаагүйгээс үүдэж ХАМАС ой тойнд багтамгүй террор үйлдсэн” гэж ярьсан. Америкийн Цагаан ордон тэгвэл, “Газын зурваст дайн хямралын дараа засаглал болоод бусад асуудал яаж явагдахыг эрүүл саруулаар хэлэлцэж шийдэх ёстой” гэж мэдэгдэж байна. Төрийн департаментын төлөөлөгч Ведант Пател энэ тухайд “Газын зурвас Палестины газар нутаг, тэр хэвээрээ ч үлдэх болно.

Тиймээс эндэх бүх асуудлыг шийдэх давуу эрх Палестинчуудад өөрсдөд нь үлдэх ёстой” гэж яриад, “Хамас” бүлэглэл халдлага үйлдсэн 10-р сарын 7-ноос өмнөх статус-квог гэхдээ хэрхэвч хэвээр үлдээж болохгүй гэдэг дээр Израил, АНУ хоёр нэгдмэл байр суурьтай байгааг дурджээ. Ерөнхийлөгч Байден мөн өмнө нь, Газын зурвасыг Израил хяналтдаа авах нь “алдаа болно” гэж мэдэгдэж байсан юм.

Үүний зэрэгцээ хүмүүнлэгийн зорилгоор, мөн Хамас-ын барьцаан дахь хүмүүсийг суллуулах хэлэлцээг ахиулах үүднээс байлдааны ажиллагааг түр завсарлах асуудал чухлаар тавигдаж байгааг Байден өчигдөр Нетаньяхутай утсаар ярихдаа мэдэгджээ. Байден, Нетаньяху нар энэ үүднээс “тактикийн түр завсарлага авах” тухайд хэлэлцсэн тухай америкийн “Экшиос” мэдээллийн портал америкийн албаны эх сурвалжид тулгуурлан мэдээлжээ. Үүний өмнө Хамас барьцааны 10-15 хүнийг суллахад бэлэн гэж мэдэгдсэнийг хэвлэлүүд уламжилж байсан. Харин Израилын тал хавьгүй олон тооны хүмүүсийг сулласан нөхцөлд байлдааны ажиллагааг түр завсарлахад бэлэн гэсэн байр суурь илэрхийлснийг америкийн “Политико” сонин уламжилсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.