Мичиганы шүүх Д.Трампыг анхан шатны сонгуулиас хасахаас татгалзжээ
АНУ-ын Мичиган муж улсын шүүхээс Ерөнхийлөгч асан Дональд Трампыг тус муж улсын анхан шатны сонгуульд үргэлжлүүлэн оролцуулахаар шийдвэрлэлээ. Дээрх шийдвэр нь иргэний дайны үед Үндсэн хуульд оруулсан 14 дүгээр нэмэлт өөрчлөлтийн заалтыг үндэслэн Д.Трампыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх оролдлогод цохилт болж, муж улсын шүүх энэ долоо хоногт хоёр дахь удаагаа Д.Трампыг анхан шатны сонгуулиас хасахаас татгалзлаа.
Мичиган муж улсын шүүгч Жеймс Редфорд 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордон руу дайрсан үйл явдалд Д.Трамп тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэсэн нэхэмжлэлийг няцааж, шүүх түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэж зарлах ёсгүй гэж үзжээ. Д.Трамп анхан шатны сонгуульд оролцохдоо муж улсын хуулийг дагаж мөрдсөн тул түүнийг хасах боломжгүй гэж Ж.Редфорд мэдэгдсэн байна.
АНУ-ын хуулийн дагуу Д.Трампыг сонгуульд оролцох эрхээ хасуулах эсэхийг Конгресс шийдэх ёстой гэж тэрбээр онцлон дурджээ.
Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт, өөрчлөлтийн заалтыг үндэслэн хэд хэдэн муж улсад Д.Трампын эсрэг нэхэмжлэл гаргаад байгаа “Free Speech for People” либерал үзэлтэй бүлэглэл Мичиганы дараагийн шатны шүүхэд даруй давж заалдана гэдгээ мэдэгдээд, мөн энэ хэргийг түргэвчилсэн горимоор хянан шийдвэрлэхийг тус муж улсын дээд шүүхээс хүссэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Миннесота муж улсын Дээд шүүх уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Д.Трампыг тус муж улсын анхан шатны сонгуульд оролцох боломжтой гэж үзжээ. Колорадогийн шүүгч мөн баасан гараг гэхэд шийдвэрээ гаргах төлөвтэй байна.
Д.ОДОН
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл