Израил-ХАМАС: Барьцаалагдсан хүмүүсийн асуудлаарх хэлэлцээнд ахиц гарчээ
ХАМАС бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаар хэлэлцээр байгуулахад ойртоод байгаа тухай ABC суваг Израилын өндөр албан тушаалтны ярьсныг эш татан мэдээллээ. Эх сурвалжийн хэлснээр, Израил, ХАМАС хоёр хэлэлцээр байгуулсан тухайгаа ойрын хоёроос гурван хоногийн дотор мэдэгдэж магадгүй байгаа бөгөөд Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийн асуудлаарх хэлэлцээнд тодорхой “ахиц дэвшил” гарчээ.
Өмнө нь ХАМАС-ын улс төрийн товчооны гишүүн Халил аль-Хайи хэлэхдээ, Израилын талаас нэрсийг нь гаргаж өгсөн 100 хүнийг барьцаанаас суллахад бэлэн гэдгийг мэдэгдэж байв. Гэхдээ тэднээс 50 хүнийх нь байршил тодорхой байгаа бөгөөд бусад хүмүүс хаана байгааг тогтоохын тулд түр гал зогсоох хэрэгтэй байгаа ажээ.
Израилын армийн мэдээллээр, Газын зурваст хамгийн цөөндөө гэхэд 242 хүн барьцаалагджээ. Тэд ХАМАС төдийгүй “Исламын Жихад” зэрэг бусад бүлэглэлийн барьцаанд байгаа аж. Барьцаалагдсан хүмүүсийг суллах хэлэлцээг Катар улсын зуучлалаар явуулж байгаа бөгөөд Египет улс мөн дэмжлэг үзүүлж байна. Түүнчлэн энэ үйл явцад АНУ оролцож байгааг Цагаан ордон баталжээ. Энэ сарын 13-нд CBS сувгаар мэдээлснээр, хамгийн бэрхшээлтэй асуудал бол ХАМАС бүлэглэл барьцаанаас суллахад бэлэн байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг одоог хүртэл гаргаж өгөөгүй байгаа явдал юм.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл