Парисын Олимпын талаар хуурамч мэдээлэл цацжээ
Парисын Олимпын наадмын эсрэг чиглэсэн хуурамч мэдээллийг Азербайжаны эрх баригч намтай холбоотой гэгддэг олон нийтийн “Х” (хуучнаар Твиттер) сүлжээний хаягаар тараажээ. Кибер орчин дахь гадаадын хөндлөнгийн оролцоог таслан зогсоох үүрэг бүхий Францын VIGINUM агентлагийн хийсэн судалгаанд энэ тухай дурдсан байна.
"Азербайжантай холбоотой дор хаяж гадаадын нэг иргэн 2024 оны Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах гэж буй Франц улсын нэр хүндэд сэв суулгах зорилгоор ийм үйлдэл хийсэн нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон" гэж дээрх агентлаг мэдэгджээ.
VIGINUM-ийн мэдээлснээр, худал мэдээлэл тараах зорилготой кампанит ажил зургаадугаар сарын 26-нд эхэлж, Францын цагдаа нар ба жагсагчдын хооронд 2023 оны зургаадугаар сарын сүүлчээр болсон мөргөлдөөний талаарх гэрэл зураг, дүрс бичлэгийг “ #boycottparis2024” гэсэн хэштэгээр нийтэлжээ. Гэхдээ олон нийтийн сүлжээн дэх дээрх хаяг нь Азербайжаны эрх баригчидтай шууд холбоотой гэдгийг нотлох баримт байхгүй гэдгийг VIGINUM мэдэгдсэн байна.
Азербайжаны засгийн газар болон эрх баригч намын зүгээс энэ талаар одоогоор тайлбар хийгээгүй байна. Францын албаны хүмүүс хэрэг явдалтай холбогдуулан тодруулга авахаар Бакуд ханджээ.
Уулын Карабахыг Азербайжан улс хяналтдаа авсны дараачаас хоёр улсын харилцаа муудсан гэдгийг Ройтерс агенлаг онцолсон байна.
Сэтгэгдэл