БНЭУ: Гималайн уулын хурдны замын нүхэн гарцад гацсан ажилчдыг одоо ч гаргаж авч чадаагүй байна

Aдмин / Гадаад мэдээ

Өнгөрсөн Ням гарагт Гималайн ууланд хурдын замын нүхэн гарц барьж байх үеэр нүхэн гарц нурж, барилгын ажлыг хийж байсан 40 ажилчин дотор нь гацсан осол гарсан. Үүнээс хойш 4 хоног өнгөрч байгаа ч ажилчдыг аварч гаргаж чадаагүй байгаа талаар аврах багийнхан мэдээлсэн байна. Ажилчид нүхэн гарц дотор 50 метр орчим радиустай талбайд гацсан. Одоогоор ноцтой бэртэж гэмтсэн хүн байхгүй, дотроо хүнс, усны хангамжийн нөөцтэй байгаа гэж Утараханд мужийн удирдах албан тушаалтан мэдээлсэн байна. Нүхэн гарцны ам маш их хэмжээний нурангид дарагдсан байгаа нь аврах ажиллагаа явуулахад хамгийн их хүндрэл учруулж байна гэж дурдлаа.

Нүхэн гарцны амыг тагласан нурангийг цэвэрлэхийн тулд шуурхай ажиллаж байгаа ч нурангийг өрөмдөж зайлуулах гэж оролдоход нүхэн гарцны дотор талын хад чулууг нурааж, эрсдлийг улам нэмэгдүүлж байгаа нь гол асуудал болоод байгааг тайлбарлаж байна. Одоогоор тэнд гацсан ажилчдыг хүчилтөрөгчөөр хангах хоолой оруулсан. Дотор байгаа хүмүүстэй байнга станцаар холбогдож байгаа гэж мэдээллээ. Хэдийгээр өрөмдлөгийн ажил эрсдэлтэй ч үргэлжлүүлэхээс өөр аргагүй, их хад чулуу унахаас сэргийлж ган хоолой байршуулж, түүгээрээ ажилчдыг гаргаж авна гэж Утараханд мужийн гамшгийн менежментийн газрын удирдлага тайлбарлалаа. Энэтхэгийн нутаг дэвсгэр дээгүүр үргэлжлэх Гималайн уулын чулуулаг зөөлөн хөрстэй, газрын гулгаа, газар хөдлөлт, үерт нэн эмзэг тогтоцтой. Ийм сул хөрс чулуулагтай уулын гүнд нүхэн гарцыг богино хугацаанд барихаар болгоомжгүй ажил эхлүүлсний улмаас хөрс сууж, нүхэн гарц нурсан гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Осол гардаг өдөр шөнийн ээлжид 60 ажилчин 4,5 километр ухсан нүхэн гарцад ажиллахаар ирсэн. Осол гарах үед нүхэн гарцны амтай ойрхон байсан 20 ажилчин амжиж гарч, үлдсэн 40 нь дотор гацаж үлдсэн юм байна. Нуралтаас амжиж гарсан ажилчид дотор үлдсэн нөхдөө авруулахаар гадна хүлээн шаардсаар байсныг орон нутгийн агентлагууд мэдээлжээ. Чар Дам нэртэй энэ хурдны замын төсөл нь Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газрын хэрэгжүүлж байгаа хамгийн том төслүүдийн нэг. Гэхдээ энэ төсөл хүрээлэн буй орчны шинжээчдээс ихээхэн шүүмжлэл хүртээд байгаа. 1,5 тэрбум долларын өртөгтэй энэ төслийн хүрээнд Энэтхэгийн Хиндү сүм хийд, ариун дагшин газруудыг 890 километрийн урттай уулын нүхэн гарцаар холбох юм. Гэхдээ энэ нүхэн гарцыг барьж байх явцад ууланд байсан суурингийн хэдэн зуун байшин барилгыг нурааж гэмтээсэн тул өнгөрсөн 1-р сард зарим барилгын ажил нь зогсоод байсан юм. Засгийн газрын зүгээс энэ гарцыг барихад геологийн хувьд тогтвортой байхаар хүрээлэн буй орчинд ээлтэй арга техник ашиглаж байгаа гэсэн тайлбарыг өгч байсан байна. Нүхэн гарц барих ажил 2018 онд эхэлсэн, 2022 оны 7-р сард дуусах төлөвлөгөөтэй байсан ч хэд хэдэн бэрхшээлийн улмаас ирэх оны 5-р сард дуусахаар хойшилосон байжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.