БНТУ-ын Төв банк бодлогын хүүг 40 хувьд хүргэж өсгөв
Туркийн төв банк пүрэв гарагт бодлогын хүүгээ дахин өсгөж 40 хувьд хүргэснээ зарлалаа. Хоол хүнс бусад үндсэн хэрэглээгээ хангах айл өрхийн чадамжид ихээхэн хүнд дарамт болж байгаа хоёр орон тоон инфляцыг тогтоон барих хүрээнд энэ алхмыг хийсэн гэж тайлбарлаж байна.
Өнгөрөгч 10 сард Туркийн инфляцын түвшин жилийн дүнгээрээ 61,36 хувь гэдэг асар өндөр үзүүлэлтэд хүрснийг бууруулах үүднээс Төв банк нь ийнхүү 35 хувьд байсан бодлогын хүүг сая 5 нэгж хувиар өсгөж байна.
Энэ нь он гарсаар Турк улсад зээлийн хүүг дараалан зургаа дахь удаагаа том дүнгээр огцом ахиулж байгаа шийдвэр гэдгийг шинжээчид онцолж байна.
Гэхдээ Төв банкны зээлийн хүүг ингэж өсгөхийг удахгүй эцэслэж зогсоох болно гэдгээ банкны зүгээс мөн мэдэгджээ. Энэ хүрээнд “богино хугацааны үзүүлэлтүүдээр дотоод эрэлт тэнцвэржиж эхэлж байгаа нь харагдаж”, мөн “инфляцын хүлээлт болоод үнийн чиг хандлага ч бас бага сага эерэг төлөв рүү орж эхэлсэн” гэж мэдээлсэн байна. Мөн Туркийн үндэсний мөнгөн тэмдэгт лирийн ханш тогтворжих хандлагатай болсныг Төв банк нь мөн тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ Туркийн Төв банк энэ сард санхүүгийн зах зээлийн 69 төлөөллөөс асуулга авсан байна. Эндээс үзвэл, Төв банкны шинэ удирдлагын явуулж байгаа мөнгөний бодлого ерөнхий дүнгээрээ дотоодын ажил хэргийнхний хүрээнд нааштай үнэлгээтэй байгаа нь харагджээ.
Энэ асуулгад оролцогчид гэхдээ энэ оны сүүлч рүү Туркийн инфляц 67,23 хувьд хүрч, Төв банкнаас зарласан албан төлвөөс бага зэрэг давна гэж үзсэн байна.
Харин тус улсын эдийн засгийн өсөлт оны эцэст 4,1 хувьд байна гэж шинжээчид үзэж байгаа юм байна. Эрх баригчид энэ үзүүлэлтийг 4,5 хувьд байна гэсэн хүлээлттэй байгаа юм. Үүний зэрэгцээ Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган хоёр өдрийн өмнө сэтгүүлчидтэй уулзах үедээ Pасгийн газраас нь хэрэгжүүлж байгаа инфляцтай тэмцэх бодлого үр өгөөжөө өгч, эдийн засаг нь “таатай цикл” рүү орж эхэлсэн гэж мэдэгдэж байжээ.
Үнийн өсөлтийг үл хайхран бодлогын хүүг доогуур түвшинд барихыг зорьж байсан Реджеп Тайип Эрдоганы байр сууриас болж 2021 оны сүүлxээр Турк улсад валютын хямрал дэгдэж, инфляц 85 хувиас давсан түвшинд хүрч байсан.
Харин энэ оны тавдугаар сард Ерөнхийлөгчид улиран сонгогдсоныхоо дараа Реджеп Тайип Эрдоган Уолл стритын банкир асан Хафизе Гайе Эркан хэмээх эмэгтэйг Төв банкны захирлаар томилсон.
Энэ шинэ тэргүүн валютын нөөц нь шавхагдаж, инфляцын төлөв тэнгэрт хадаж байсан асар хүнд нөхцөлд орсон эдийн засгийг дэмжих зорилготой бодлогын эрс өөрчлөлт явуулж 8,5 хувьд байсан Төв банкны бодлогын хүүг 40 хувь”-д хүргэж өсгөжээ.
Сэтгэгдэл
Монгол [66.181.182.67] 2023-11-26 22:23:48
Манай Улс.н төрд бгаа хүмүүс бодлогийн хүү буруулаад үнийн өсөлт галзуурсан даа
Энхболд.х [172.59.191.213] 2023-11-26 12:29:41
Турк аргагүй.ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨР МАШ ИХ ХОХИРОЛ АМССАН. БАГА АЗИЙН БАР ТУЛДАА ТЭССЭН БАЙХ.
Зочин [202.9.46.63] 2023-11-25 13:31:27
Хараал идсэн инляцийн өсөлт.