ХАМАС бүлэглэл Израилын 13 иргэнийг суллажээ

Aдмин / Гадаад мэдээ

Барьцаанд байгаа Израилын иргэдийг Палестины хоригдлуудаар солилцох эхний үе шат амжилттай дууслаа. ХАМАС бүлэглэл Израилын 13 эмэгтэйчүүд, хүүхдүүдийг суллаж, Израилын шоронгуудаас 39 палестин эмэгтэй, өсвөр насны хүүхдийг Газын зурвас руу шилжүүлсэн тухай Израилын төрийн телевизийн KAN суваг мэдээлжээ. Барьцаанаас суллагдсан Израилын иргэдийг тус улсын өмнөд хэсэгт орших Хацерим нисэх баазаас нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн байна.

Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд хүрсэн тохиролцооны дагуу ийм солилцоог хамгийн багадаа гурван өдрийн турш хийх ба ХАМАС-ын дайчдад барьцаалагдсан 236 хүнээс 50 нь, Израилын шоронд буй Палестины 150 хоригдол суллагдах ёстой юм. Хоёр дахь ээлжид барьцаанаас суллах хүмүүсийн жагсаалтыг ХАМАС бүлэглэл Израилын талд өгсөн байна. Тохиролцсоны дагуу тэднийг бямба гарагт буюу өнөөдөр суллах ёстой.

Израилчуудаас гадна ХАМАС бүлэглэл хэлэлцэн тохиролцсоны дагуу Тайландын 10 иргэн, Филиппиний нэг иргэнийг сулласан байна. Тэд бүгд Газын зурвасын ойролцоо ажиллаж байсан бөгөөд аравдугаар сарын 7-ны дайралтын үеэр олзлогджээ.

Талуудын тохиролцооны хүрээнд Газын зурваст баасан гаргийн өглөө орон нутгийн 07:00 цагт байлдааны ажиллагаа зогссон юм. НҮБ-аас мэдээлснээр, гал зогсоосон эхний өдөр хүмүүнлэгийн тусламж ачсан 137 ачааны машин, мөн 139 мянган литр шатахуун бүхий автоцистернүүдийг Газын зурвас руу нэвтрүүлжээ.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.