Ж.Байден, Б.Нетаньяху нар утсаар ярьжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар ням гарагт утсаар ярьсан тухай Цагаан ордон мэдээлжээ. Мэдээлэлд дурдсанаар, Ж.Байден, Б.Нетаньяху нар Палестины ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг суллах ажлыг үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Хоёр улсын удирдагчид мөн ойрын өдрүүдэд нягт холбоо харилцаатай байхаар тохиролцсон байна.
11 дүгээр сарын 22-нд Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд Катар улсын зуучлалаар дөрвөн өдрийн турш гал зогсоож, барьцаалагдсан болон баривчлагдсан олон арван хүнийг солилцохоор тохиролцож, 10 дугаар сарын 7-нд мөргөлдөөн хурцадсанаас хойш анхны томоохон хэлэлцээрт хүрсэн билээ.
Уг тохиролцоо 11 дүгээр сарын 24-нд хэрэгжиж эхэлсэн бөгөөд эхний өдөр ХАМАС бүлэглэл барьцаанаас Израилын 13 иргэнийг, Израилын шоронгуудаас 39 палестиныг сулласан юм.
Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьсны дараа Газын зурваст хүмүүнлэгийн ёсны үүднээс дөрвөн өдөр гал зогсоох тохиролцоог барьцаанд байгаа хүмүүсээс өдөр бүр нэмж 10 хүнийг суллах нөхцөлтэйгөөр сунгах боломжийг нааштай үнэлэн үзэж байгаагаа мэдэгджээ. Барьцаанаас нэмж 10 хүнийг суллах бүрд гал зогсоох тохиролцоог нэг хоногоор сунгах боломжтой гэж талууд тохиролцсон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Зочин [185.220.100.253] 2023-11-27 13:22:24
evrei