ХАМАС бүлэглэл түр эвлэрлийн хугацааг сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ
ХАМАС бүлэглэл Израилын талтай тохиролцсон дөрвөн өдрийн түр эвлэрлийн хугацааг сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гал зогсоох тохиролцоо гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд одоогоор Газын зурваст барьцаалагдаад байсан Израилын гурван бүлэг хүмүүсийг, мөн Израилын шоронгоос гурван бүлэг палестин хоригдлуудыг суллаад байна. “Хүмүүнлэгийн үүднээс гал зогсоох хэлэлцээрт заасны дагуу шоронгоос суллагдах хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийн тулд дөрөв хоногийн түр эвлэрлийн хугацааг цааш сунгахыг хүсэж байна” гэж ням гаргийн орой гаргасан ХАМАС-ын мэдэгдэлд дурджээ.
Мөн Израилын онц байдлын засгийн газар ням гаргийн орой хуралдах үеэрээ ХАМАС-тай тогтоосон түр эвлэрлийн хугацааг сунгах боломжийг хэлэлцсэн гэж Израилын эх сурвалж CNN телевизэд мэдээлсэн байна. Эх сурвалжийн хэлснээр, уг хугацааг сунгах нөхцөл нь хэлэлцээрт тусгаснаас өөрчлөгдөөгүй хэвээр байгаа ажээ.
Энэ нь гал зогсоох хугацааг нэг хоногоор сунгах тутамд ХАМАС барьцаанд байгаа 10 иргэнийг суллах шаардлагатай гэсэн үг юм. Сануулан дурдахад, Израил улс, ХАМАС бүлэглэл өнгөрсөн долоо хоногт галаа дөрөв хоног түр зогсоож, Газын зурваст барьцаалагдаад байгаа 50 хүүхэд, эмэгтэйчүүдийг суллах тохиролцоонд хүрсэн билээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Асуулт. [66.181.160.101] 2023-11-28 10:08:15
Хамас тэгээд ЯАХ ГЭЖ дайн эхлүүлсэн юм бэ?