Илон Маск Израилын Ерөнхийлөгчтэй уулзана

Aдмин / Гадаад мэдээ

Олон нийтийн X сүлжээгээрээ еврейчүүдийг үзэн ядах үзлийг дэвэргэсэн хэмээн буруутгагдаад буй Илон Маск даваа гарагт Израилын Ерөнхийлөгч Исаак Херцог болон төрөл төрөгсөд нь Газын зурваст ХАМАС бүлэглэлийнхний барьцаанд байгаа израилчуудтай уулзахаар болжээ.

"Ерөнхийлөгч уулзалтын үеэр цахим ертөнцөд өсөн нэмэгдэж буй антисемитизмтэй /еврейчүүдийг үзэх ядах үзэл/ тэмцэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэнэ" гэж И.Херцогийн ажлын албанаас ням гаргийн орой гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

Харин Tesla, SpaceX компанийн гүйцэтгэх захирал, тэрбумтан И.Маскийн хувьд Tesla болон X /хуучнаар Twitter/ компанийнх нь хэвлэлийн төлөөлөгчдөөр дамжуулан тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй байна.

И.Маскийн айлчлал нь Газын зурваст дөрөв хоног гал зогсоогоод байгаа үетэй давхцаж байгаа бөгөөд одоогоор ХАМАС бүлэглэлийн барьцаанд байсан 240 хүний 40 нь Израилд буцаж ирсэн гэж Израилын тал мэдээлжээ. Израилын Channel 12 сувгаар мэдээлснээр, И.Маск даваа гарагт Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзана. Түүний ажлын албанаас одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Б.Нетаньяху энэ оны есдүгээр сарын 18-нд Калифорнид И.Масктай уулзахдаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах, үзэн ядсан үг хэллэгтэй тэмцэх хоорондын тэнцвэрийг хадгалахыг уриалсан юм. X сүлжээн дэх еврейчүүдийг үзэх ядах үзлийг дэвэргэсэн контентын талаар хэдэн долоо хоног үргэлжилсэн маргааны дараа уг уулзалт болжээ.

И.Маск хариуд нь антисемитизм болон “үзэн ядалт, мөргөлдөөнийг сурталчилсан” аливаа үйлдлийн эсрэг байгаагаа илэрхийлээд, Х сүлжээгээр үзэн ядах үг хэллэгийг сурталчлахгүй гэдгийг давтан мэдэгдсэн байна. Дайн дэгдэхээс өмнө болсон уг айлчлалын үеэр 200 орчим хүн Б.Нетаньяхугийн Засгийн газрын шүүхийн шинэчлэлийг эсэргүүцэн жагсаж байсан юм. Жагсагчид уулзалт болсон Tesla-гийн Калифорни дахь үйлдвэрийн гадаа цугларсан байна.

Харин 11 дүгээр сарын 15-нд И.Маск Х сүлжээнд нийтлэгдсэн еврейчүүдийг үзэн ядах үзэл бүхий посттой санал нэг байгаагаа илэрхийлжээ. Улмаар Цагаан ордон уг үйлдлийг зэмлэн буруушаасан байна. Түүнчлэн Walt Disney, Warner Bros Discovery, Comcast зэрэг АНУ-ын томоохон компаниуд уг сүлжээнд зар сурталчилгаагаа байршуулахаа түр зогсоосон юм.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.