"Оны хүн"-д нэр дэвшигчдийн жагсаалтад Барби, Путин багтжээ

Aдмин / Гадаад мэдээ

Америкийн Time сэтгүүлээс жил бүр тодруулдаг "оны хамгийн нөлөө бүхий эрхэм"-д нэр дэвшигчдийн эцсийн жагсаалтыг даваа гарагт буюу өчигдөр танилцууллаа. Уг жагсаалтад энэ оны хамгийн их ашиг орлоготой киноны гол дүр болох Барби хүүхэлдэй, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, мөн Их Британийн хаан III Чарльз, БНХАУ-ын дарга Ши Жиньпин зэрэг есөн нэр дэвшигч багтсан байна.

Барби хүүхэлдэйг эцсийн жагсаалтад багтаасан нь эл хүүхэлдэйн тухай уран сайхны кино нь жилийн хамгийн их хүлээлттэй кино болсон бөгөөд загварын ертөнцийг ягаан өнгөнд умбуулсан гэж Time сэтгүүлийн редакц тайлбарлажээ.

Оросын Ерөнхийлөгчийн тухайд "Путин Украинд өдүүлсэн дайнаа хоёр дахь жилдээ үргэлжлүүлж байна. 2023 онд Вагнерын бослогын үеэр эрх мэдлээ алдах эрсдэлтэй тулгарсан ч эцсийн дүнд түүний нөлөө улам хүчирхэгжсэн" хэмээсэн байна. В.Путинийг тус сэтгүүл 2007 онд "Оны хүн"-ээр тодруулж байсан юм.

Ши Жиньпиний тухайд 2023 онд БНХАУ-ын даргын албан тушаалд гурав дахь удаагаа сонгогдсоноор Хятадын хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг болох байр сууриа бэхжүүлсэн гэж тэмдэглэжээ. Тэрбээр 2017 онд Time сэтгүүлийн "Оны хүн"-ээр тодорч байсан бөгөөд дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний ​​жагсаалтад 10 гаруй удаа багтаж байв.

Жагсаалтад мөн Холливудын зохиолч, жүжигчдийн ажил хаялтад оролцогчид, Америкийн дуучин Тейлор Свифт, OpenAI компанийн ерөнхий захирал Сэм Альтман, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг шүүх хуралд оролцсон прокурорууд, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл нар багтжээ.

Өнгөрсөн онд Time сэтгүүл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг “Украины хүсэл зориг”-ийг илэрхийлэгч хүмүүсийн хамтаар “Оны хүн”-ээр тодруулсан билээ.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.