НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гал зогсоох тогтоолд АНУ хориг тавив
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл өчигдөр хуралдаж, Газын зурваст хүмүүнлэгийн үүднээс гал зогсоох тогтоолын санал дэвшүүлсэн ч АНУ уг тогтоолд хориг тавьснаар хүчингүй болсон байна.
АНУ-ын төлөөлөгч тус тогтоолыг тэнцвэргүй, бодит байдалд нийцээгүй гэж шүүмжилж байгаагаа илэрхийлсэн бол НҮБ-ын Хүний эрхийн хорооноос АНУ-ыг “Дайны гэмт хэргийг өөгшүүлсэн, хүний эрхийн мэдрэмжгүй” шийдвэр гаргалаа гэж шүүмжилсэн байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр Арабын Нэгдсэн Эмират Улсын төлөөлөгчийн санаачилсан уг хүмүүнлэгийн тогтоолыг зөвлөлийн бүх 15 гишүүний 13 нь дэмжиж, АНУ хориг тавьж, Их Британи улс санал өгөхөөс татгалзсан байна.
Тус тогтоолыг хэлэлцэхээс өмнө хурлын эхэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш “Энэ удаагийн Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг дэлхий нийтээрээ харж хүлээж байгаа түүхэн үйл явдал” гэж мэдэгдээд байсан ч хурлын төгсгөлд тогтоолд хүрч чадсангүй.
АНУ-ын зүгээс Аюулгүйн зөвлөлийн тогтоолд хориг тавьсан шалтгаанаа зөвтгөхдөө уг тогтоол хэт нэг талыг барьсан, Хамас бүлгийн хоёр сарын өмнө эхлүүлсэн хүчирхийллийн талаар дурдаагүй, зөв үг хэллэг хэрэглээгүй зэрэг шалтгаануудыг нэрлэж, шийдвэрээ хамгааллаа. Мөн АНУ-ын зүгээс одоо дайны хөлд нэрвэгдсэн бүс нутагт хоёр улс зэрэгцэн орших тогтолцоог бий болгож байж бүс нутагт энх тайван тогтоно гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Бразил улсын төлөөлөгч харин АНУ-ын энэ байр суурийн тухайд Газын зурваст нэн даруй хүмүүнлэгийн арга хэмжээ авахгүй л бол хоёр улс зэрэгцэн орших боломжгүй нөхцөл байдал үүснэ гэсэн хариу байр суурийг илэрхийллээ.
Палестины төлөөлөгч Аюулгүйн зөвлөлийг дахин шийдвэрт хүрч чадаагүйд сэтгэл маш гонсгор байгаагаа илэрхийлж, Палестины гэмгүй олон иргэдийн амь насыг хамгаалах үүрэг хариуцлагаа биелүүлж чадсангүй гэж буруутгалаа.
Хятад болон Оросын төлөөлөгчид мөн АНУ-ын хоригийг хурцаар шүүмжилж, хүнлэг бус шийдвэр гаргасан гэж буруутгаж байгаа бол Израил улсын төлөөлөгч Гилад Эрдан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газарт тэгш бус тогтоолын эсрэг зогсож байгаад талархаж байна гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Хамасын тал Израил руу пуужин харвасаар байгаа энэ цаг үед НҮБ Хамасын үйлдлийг хүлээн зөвшөөрсөн мэт тогтоол гаргаж, террорист бүлэглэл Газын зурваст хүч нөлөөгөө тогтоон барих нөхцөл бололцоог бүрдүүлж байгаад маш их гайхаж байна гэдгээ Гилад Эрдан мөн илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл
зочин [49.0.130.24] 2023-12-11 11:30:11
эхлээд АНУ-ыг, дараа нь Их Британыг бөмбөгдөж газрын хөрснөөс цэвэрлэсний дараа дэлхийд энх тайван, амар амгалан цаг ирэх юм байна.
Зочин [66.181.181.170] 2023-12-10 19:05:37
Дайн дэгдээгч алан хядагч террорист АНУс.
Нө ваар [66.181.188.178] 2023-12-10 10:01:26
NO War ийхан очиж АНУ ЭСЯ дээр жагсана байгаа
Жигтэйхэн логиктай байгаа байх. [103.57.93.133] 2023-12-10 22:31:04
NoWar АНУ-ын санхүүжилттэй байшууллага байх аа. Тэгэхлээр яг Элчингийнхээ эсрэг очиж жагсана ш дээ. Кх!
Зочин [116.178.193.72] 2023-12-10 16:17:18
Тийм