Аргентины эрх баригчид мөнгөний ханшийг шууд 50 хувиар унагажээ

Aдмин / Гадаад мэдээ

Аргентин улс мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг огцом унагаж, эрчим хүч, тээврийн салбарт олгож буй татаасыг танахаар болсноо мягмар гарагт мэдэгдлээ. Тус улсын шинэ Ерөнхийлөгч Хавьер Милей эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд ийм арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.

Эдийн засгийн сайд Луис Капуто телевизээр мэдэгдэл хийхдээ, Аргентины песогийн ам.доллартай харьцах ханш 400 песо байгааг 50 хувиар бууруулж, нэг долларыг 800 песотой тэнцэх хэмжээнд хүртэл бууруулна гэж мэдэгджээ. Түүнчлэн ойрын хэдэн сард нөхцөл байдал өмнөхөөс улам дордох болно гэж тэрбээр хэлсэн байна.

Либертари үзэлт Х.Милей Өмнөд Америкийн хоёр дахь том эдийн засагтай тус орны ерөнхийлөгчийн хувиар тангараг өргөж, хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ тэр даруй анхааруулснаас хойш хоёр хоногийн дараа дээрх шийдвэрийг танилцууллаа. Түүний хэлснээр, өөр хувилбаруудыг авч хэлэлцэх цаг хугацаа байхгүй ажээ.

Аргентинд жилийн инфляцын түвшин 143 хувьтай байгаа бөгөөд мөнгөний ханш унаснаар 10 аргентин хүн тутмын дөрөв нь ядуу тарчиг амьдарч байна. Мөн төсвийн алдагдал нүүрлэж, худалдааны алдагдал 43 тэрбум долларт хүрч, Олон улсын валютын санд /ОУВС/ 45 тэрбум долларын, олон улсын байгууллагууд, хувийн зээлдүүлэгчдэд 10.6 тэрбум долларын өртэй байна.

Л.Капутогийн мэдээлснээр, шинэ арга хэмжээний хүрээнд Засгийн газар бүтээн байгуулалтын ажил хийх төслийн тендерийг цуцалж, засаг захиргааны бүтцийг цомхон болгохын тулд зарим ажлын байрыг цомхотгох ажээ. Мөн эрчим хүч, тээврийн салбарын татаасыг танана гэж мэдэгдсэн боловч тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Аргентины эдийн засагт тулгараад буй асуудлууд, тэр дундаа инфляцын өсөлтийн шалтгаан болсон төсвийн алдагдлыг бууруулахын тулд эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг тэрбээр хэллээ. Хэрэв одоогийн нөхцөл байдал үргэлжилсээр байх аваас бид гиперинфляцаас зугтах аргагүй болно, бидний зорилго бол сүйрлээс зайлсхийх явдал юм гэж сайд нэмж хэлжээ.

ОУВС уг арга хэмжээг сайшааж, Аргентинтай өрийн асуудлыг цаашид хэлэлцэх “сайн суурь” болж байна гэж дүгнэжээ. ОУВС-гийн хэвлэлийн төлөөлөгч Жули Козак мэдэгдэхдээ "эхний зоригтой арга хэмжээнүүд нь нийгмийн хамгийн эмзэг хэсгийг хамгаалж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар улсын санхүүг эрс сайжруулах зорилготой бөгөөд эдгээрийг шийдэмгий хэрэгжүүлснээр эдийн засгийг тогтворжуулж, илүү тогтвортой, хувийн хэвшилд тулгуурласан өсөлтийн үндсийг тавих болно" гэлээ.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.