К.Фүмиогийн засгийн газарт итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэнэ
Японы эрх баригч Либерал ардчилсан намын дотор улс төрийн хандив цуглуулах үйл ажиллагаатай холбоотой шуугиан дэгдээд буй энэ үед тус улсын гол сөрөг хүчин болох Үндсэн хуульт ардчилсан намаас Ерөнхий сайд Кишида Фүмиогийн засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг парламентад өргөн барилаа.
Тогтоолын төслийг Японы Коммунист нам, Японы шинэчлэлийн нийгэмлэг зэрэг сөрөг хүчний бусад намууд дэмжиж байгаагаа хэдийнэ илэрхийлжээ. Гэхдээ Либерал ардчилсан нам болон эрх баригч эвсэлд багтдаг Комэйто нам парламентад олонхын суудлыг эзэлдэг тул сөрөг хүчний энэ алхам нь амжилтад хүрэх магадлал бага бөгөөд уг тогтоолын төслийг буцааж магадгүй байна.
Улс төрийн хандив цуглуулах явцад гарсан зөрчил, “буцаан олголт”-ыг тойрсон томоохон дуулиан эрх баригч намын дотор дэгдээд байгаа билээ. Тус нам гишүүддээ хандив цуглуулах квот тогтоодог бөгөөд уг хандивыг хүлээн авалт, үдэшлэгний тасалбарын борлуулалтаас босгодог аж.
Зарим улстөрчдын квот хэтэрдэг боловч бодитоор цуглуулсан хэмжээ болон тогтоосон квотын зөрүүг санхүүгийн баримтад тусгахгүйгээр улстөрчдөд "буцаан олголт" хэлбэрээр шилжүүлсэн эсвэл улс төрийн нууц санд ашигласан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн тэргүүлж байсан Ардчилсан либерал нам дахь хамгийн том фракц хандивын талаар тайлагнах журмыг зөрчсөн гэх хардлагад өртөөд байгаа юм. 100 орчим гишүүнтэй энэ фракцын хэдэн арван нөлөө бүхий улстөрчид сүүлийн таван жилийн хугацаанд дор хаяж 500 сая иен буюу 3.4 сая гаруй долларыг буцаан авсан гэж Kyodo агентлаг мэдээлжээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Никай Тошихирогийн фракц мөн буруутай байж магадгүй байна.
Дээрх дуулиантай холбоотойгоор К.Фүмио Абэгийн фракцын бүх гишүүнийг, тодруулбал, нийт 15 хүнийг сайдын албан тушаалаас огцруулахаар төлөвлөж байгаа тухай Японы хэвлэлүүдэд мэдээлжээ. Абэгийн фракцын гурван төлөөлөгч мөн Либерал ардчилсан намын удирдах албан тушаалаас бууж магадгүй байна. Сайд нарыг 12 дугаар сарын 14-нд буюу пүрэв гарагт огцруулах төлөвтэй байна.
Сүүлийн үед Японы засгийн газрын нэр хүндийн чансаа хамгийн доод түвшинд буюу 23 хувьд хүрч доошилж, мөн засгийн газрын явуулж буй бодлогыг дэмжигчдийн тоо 60 хувь болж буураад байгаа бөгөөд үүнд хамгийн ихээр нөлөөлсөн шалтгаанууд бол дээрх дуулиан юм. Түүнчлэн NHK сувгаас явуулсан санал асуулгын дүнг үзвэл, 2012 оноос хойш Либерал ардчилсан намын нэр хүнд анх удаа 30 хувиас доошилж унасан байна.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл