АНУ-д инфляцын түвшин сүүлийн таван сарын доод хэмжээнд хүрч буурчээ
АНУ-ын хэрэглээний үнийн индекс (CPI) 11 дүгээр сард өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.1 хувиар өссөн тухай тус улсын Хөдөлмөрийн яам мэдээллээ. Аравдугаар сард 3.2 хувь байсантай харьцуулахад инфляц саарч, 3.1 хувь болсон нь шинжээчдийн таамаглалтай давхцаж байна. Өнгөрсөн сарын инфляц сүүлийн таван сарын хамгийн доод үзүүлэлт рүү доошилсон байна.
Эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ 10 дугаар сард 4.5 хувиар буурч байсан бол өнгөрсөн сард 5.4 хувиар буурчээ. Тухайлбал, шатахууны үнэ 8.9 хувиар хямдарсан байна. 11 дүгээр сард хүнсний үнэ 2.9 хувиар (сарын өмнө +3.3%), хувцасны үнэ 1.1 хувиар (сарын өмнө +2.6%) өсжээ.
Шинэ автомашины үнэ 1.3 хувиар өссөн бол хуучин автомашиных 3.8 хувиар буурлаа. 10 дугаар сард тээврийн үйлчилгээний үнийн өсөлт 9.2 хувь байсан бол 11 дүгээр сард 10.1 хувь болж хурдацтай өсжээ. CPI индекс 11 дүгээр сард өмнөх сарынхаас 0.1 хувиар өслөө. Энэ үзүүлэлт 11 дүгээр сард өөрчлөгдөхгүй гэж шинжээчид таамаглаж байв.
Хүнс, эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнийг хасаж тооцсон хэрэглээний үнэ (Core CPI) өнгөрсөн сард өмнөх сарынхаас 0.3 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 4 хувиар өссөн нь шинжээчдийн таамаглалаас зөрсөнгүй.
АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сан хэрэглээний үнийн өсөлтийг анхааралтай ажиглаж байдаг бөгөөд энэ нь мөнгөний бодлогын талаар шийдвэр гаргахад чухал нөлөөтэй. Төв банкны хувьд инфляцын зорилтот түвшин 2 хувьтай байна.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл