АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Жо Байденд импичмент үүсгэх зорилгоор албан ёсны мөрдөн шалгалт эхлүүлнэ
АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчид танхим Ерөнхийлөгч Жо Байдентай холбоотой албан ёсны мөрдөн шалгалт эхлүүлэхээр санал хураалгасан байна. Энэ мөрдөн шалгалтын дүнгээс хамаарч Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулж болзошгүй юм байна.
Ерөнхийлөгч Жо Байденийг өөрийн хүү Хантер Байдений бизнесийн гэрээ хэлцлүүдээс ашиг хонжоо олсон эсэхийг тогтоох зорилготой ийм мөрдөн шалгалт гэхдээ үүнээс өмнө нэг жил шахмын туршид албан бусаар явагдаж ирсэн юм байна. Парламентын мөрдөн шалгалтыг албан ёсоор эхлүүлэх шийдвэрийг Төлөөлөгчдийн танхим дахь БНН-ын бүх 221 төлөөлөгч дэмжиж, Ардчилсан намын төлөөлөл 212 хүн эсэргүүцсэн санал хураалгасан байна.
Бүгд найрамдах намынхны зүгээс Ерөнхийлөгчийн хүү Хантер Байденыг эцгийгээ АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн алба хашиж байх хугацаанд Хятад, Украин зэрэг гадны компаниудтай гэрээ хэлцэл байгуулж олон саяын орлого олсон, энэ ашиг орлогоос эцэг нь ч бас хүртсэн байж болзошгүй гэж харддаг.
Гэвч урьдчилсан мөрдөн шалгалтаар Бүгд найрамдах намынхны энэ таамгийг нотлох ямар ч баримт илрээгүй байна.
Жо Байдений хууль бус үйлдэл тогтоогдохгүй нөхцөлд импичментийн асуудал яригдахгүй байх талтай гэдгийг Бүгд найрамдах намын хэд хэдэн хууль тогтоогч мөн хүлээн зөвшөөрдөг байна. Тэд мөн Хантер Байдены бизнесийн үйл ажиллагаа хууль ёсны дагуу байсан эсэхийг нягтлах Ерөнхий прокурорын газрын үйл ажиллагаанд Цагаан ордон нөлөөлсөн эсэхийг тогтоохыг чармайж буй юм байна.
Ерөнхийлөгч Жо Байден харин бүгд найрамдахчуудын энэ үйлдлийг “Улстөрийн үзүүлбэр”, “Америкчуудын аж амьдралыг өөд татахын төлөө шаардлагатай бүхнийг хийх байтал худал хуурмагийг зохиож намайг довтолж байна” гэж мэдэгджээ.
Ардчилсан намын зүгээс харин бүгд найрамдахчуудыг, Ерөнхийлөгч байх хугацаандаа хоёр удаа импичментэд өртөж байсан Дональд Трампын өмнөөс ажиллаж байгаад буруутгадаг байна.
Хантер Байден хэвлэлд өгсөн ярилцлагадаа, өөрийнх нь ажил хэрэгт аав нь санхүүгийн ямар ч оролцоогүй, гагцхүү БНН зарим хууль тогтоогч өөрийг нь гутааж, аавд нь хор учруулахыг санаархаж байна гэж ярьжээ.
Сэтгэгдэл