“Зул сарын хот” Газын зурвас дахь дайны улмаас баяраа тэмдэглэхгүй
Зул сарын баярын нийслэл хот гэж олноо танигдсан Иордан голын баруун эргийн Бетлехем хот энэ жилийн зул сарын баяраа тэмдэглэхгүй гэж мэдэгдсэн байна. Палестинчуудын төвлөрөн оршин суудаг энэ хот Газын зурвас дахь нөхцөл байдлын улмаас, тэнд өдөр бүр олноороо үрэгдэж байгаа Палестинчуудын нэрийн өмнөөс ийм шийдвэр гаргалаа гэж тайлбарласан байна. Израилын нийслэл Иерусалим хотын зүүн талаар хиллэдэг Иордан голын баруун эрэг нь ерөнхийдөө палестинчуудад НҮБ-аас албан ёсоор хуваарилж өгсөн ч Израилын нөлөөн доор байдаг нутаг юм.
Ердийн үед Бетлехем хот нь Зул сар буюу Христийн мэндэлсэн өдрийг тохиолдуулж 11-р сарын дунд үеэс эхлэн дараа оны 1-р сарыг дуустал баярын уур амьсгал орж, гоёл чимэглэлээр дүүрэн байдаг юм байна. Гэвч энэ жил тус бүс нутаг дахь нийгэм-улс төрийн тогтворгүй байдал, Газын зурвасын дайны асуудлын нөлөөгөөр баярын уур амьсгал огт бүрдээгүйг олон улсын хэвлэлүүд сурвалжилсан байна. Хотын төв талбай энгийн үед баярын фестивал үзэж сонирхохоор ирсэн хүмүүсийн хөлд дарагддаг бол энэ жилийн зул сарын баярын өдрөөр энэ талбайд “Нурангид дарагдсан сахиусан тэнгэр” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн болж байна.
Энэ үзэсгэлэнгээрээ дамжуулж палестины уран бүтээлчид Газын зурвасын хүмүүнлэгийн хүнд нөхцөл байдлыг дүрслэхийг хичээсэн гэж тайлбарласан байна. Энэ үзэсгэлэнг мөн Палестины аялал жуулчлалын сайд болон Бетлехем хотын дарга ивээн тэтгэж байгаа юм байна.
Бетлехем хотын дарга энэ үзэсгэлэнгээр дамжуулж дэлхийн улс орнууд Газын зурвас болон Баруун эргийн палестинчуудын нүүр тулж байгаа шударга бус нөхцөл байдлыг ойлгохыг хүссэн байна. Бетлехем нь христ болон иүдейн шашинтнуудын номлол ёсоор Есүс Христийн мэндэлсэн өлгий нутаг гэж тооцогддог. Тиймдээ ч энэ хотод Зул сарын баярыг тэмдэглэхгүй цуцалж байгаа шийдвэр бол дэлхийн нийт христ шүтлэгтнүүдийн хувьд маш том, анхаарахуйц үйл явдал болж байна гэж олон улсын хэвлэлүүдээр бичиж байна. Түүнчлэн энэ хотод Зул сарын баяр тэмдэглэхгүй байгаа нь дан ганц Газын зурвасын иргэдэд үзүүлж байгаа хүндэтгэл бус, Израил-Палестинчуудын хоорондын мөргөлдөөний улмаас энэ бүс нутгийн эдийн засаг туйлдаа хүрсэн тул жилийн онцлох баярыг тэмдэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж хотын иргэд ярьж байна.
Сэтгэгдэл