Данийн Хатан хаан 2-р Маргрете хаан ширээнээсээ бууна
Данийн Хатан хаан 2-р Маргрете ням гарагт ард иргэддээ хандаж хэлсэн шинэ жилийн мэндчилгээндээ хаан ширээнээсээ буухаар зэхэж байгаагаа зарлажээ. Өдгөө 83 настай Хатан хаан энэ сарын 14-нд хаан ширээнд заларсныхаа 52 жилийн ойн өдөр ажлаа өгнө гэжээ. Тэрбээр ууган хүү, угсаа залгамжлагч хунтайж Фредериктээ хаан ширээгээ залгамжлуулна хэмээн мэдэгджээ.
Данидаа нэр хүнд өндөр Хатан хаан Маргретег сүүлчийн амьсгалаа хураах хүртэл хаан ширээндээ байна гэж албат иргэд нь хүлээж байсан. Тиймээс тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнийг “түүхэн үйл явдал” хэмээн нэрлэж байна.
Хатан хаан ийм шийдвэр гаргасан нь өнгөрсөн оны хоёрдугаар сард нуруундаа мэс засал хийлгэсэнтэй холбоотой.
Мэс засал амжилттай болсон хэдий ч 2-р Маргрете Хатан хаан хаан ширээнийхээ цаашдын ирээдүйн талаар бодоход хүргэсэн гэжээ. Данийн Хатан хааны шинэ оны мэндчилгээндээ хаан ширээгээ өгөх гэж байгаагаа зарлахад Копенгаген хотын Амалиенборг ордны өмнө цугларсан олон хүн алга ташин хүлээн авсан байна. Тэрбээр энэ үеэрээ мөн Украины дайн, Газын зурвасын нөхцөл байдал, дэлхийн цаг уурын өөрчлөлт, хиймэл оюун ухаан зэрэг асуудлуудыг хөндсөн байна.
2-р Маргрете Хатан хаан нь 1972 оны нэгдүгээр сарын 14-нд өөрийн эцэг, 9-р Фредерик хааныг таалал төгссөний дараа хаан ширээ залгамжлан авсан юм. Тухайн үед тэрбээр 31 настай байжээ. 2-р Маргрете өөрийн үеэл, Их Британийн Хатан хаан 2-р Элизабетыг таалал төгссөнөөс хойш Европ тивд хамгийн олон жил хаан ширээнээ заларсан хүн болсон байна. Их Британиас ялгаатай нь өдгөө 55 настай угсаа залгамжлагч хунтайж Фредерикийг хаан ширээнээ залах үед албан ёсны ажиллагаа болохгүй. Үүний оронд ордноос түүнийг хаан ширээнд заларсныг зарлах юм байна.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2024-01-02 15:52:03
ХААН биш ХАН шүү_ ХАТАН хант УЛС гэж Чой Лувсанжав гуай бүүр тодорхой бичсэн байгаа. англи хатан хант улс гэж байна бас