Газар хөдөлсөн Ишикава муж дахь цөмийн цахилгаан станцын реакторуудыг унтраажээ
Өчигдөр орон нутгийн цагаар 16:10 минутын орчимд Японы төвийн бүсийн Ишикава мужид 7,6 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Японы далайн эргийн дагуух Ишикава, Нигата, Тояама, Яамагата, Хюго зэрэг мужид цунамийн түгшүүр зарлалаа. Одоогоор 2 хүн гэмтсэн, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Японы ЗГ байгалийн гамшгийн эсрэг шуурхай хариу арга хэмжээ авч байна. Газар хөдлөлтийн бүсэд байрлалтай цөмийн цахилгаан станцуудын аюулгүй байдлын үзлэг шалгалт хийж, сэрэмжлэх үүднээс түр хугацаанд үйл ажиллагааг нь зогсоожээ.
Газар хөдлөлтийн улмаас Ишикава мужийн Важима хотод өчигдөр орон нутгийн цагаар 16:21 минутад 1,2 метрийн өндөр цунами үүссэн бол Тояама хотод 16.23 минутын орчимд 80 см-ийн өндөр цунами бүртгэгджээ. Цунами Японы тэнгисийн эрэгт хүрч байгаа юм байна. Цунамийн өндөр нэмэгдэж 5 метрт хүрч магадгүй, Нигата мужид 3 метр орчим өндөр цунами үүсэж болзошгүйг цаг уурын хүрээлэн нь ойр давтамжтайгаар ард иргэдэд сэрэмжлүүлж байна. Ишикава мужид хэд хэдэн том барилгад цууралт үүсэж, 36 мянга гаруй айл өрх гэрэл цахилгаангүй байна. Дээрх газар хөдлөлтийн бүсэд хамаарч байгаа мужуудын далайн эргийн оршин суугчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлэх, иргэдийг сонор сэрэмжтэй байж, эргээс холдож, өндөрлөг газар руу нүүн шилжихийг зөвлөсөн байна. Мөн Японы төв болон зүүн бүсийн мужуудад аюулгүй байдлын үүднээс хурдны галт тэрэгний үйлчилгээг түр хугацаанд зогсоожээ.
Ишикава мужийн Шика хотод байрлах цөмийн цахилгаан станцын оператор компани цөмийн цахилгаан станц газар хөдлөлтөд өртсөн эсэхийг нягтлан шалгахад ноцтой гэмтэл илрээгүй гэж Японы засгийн газрын ЕНБД Хаяаши мэдэгджээ. Одоогоор тус станцын хоёр реакторыг хоёуланг нь унтраасан байна.
Япон улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог, 2011 оны 3-р сард тус улсад хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүссэний улмаас олон хүний амь үрэгдэж, цөмийн цахилгаан станцад гамшиг нүүрлэж байсан юм.
Сэтгэгдэл