БНСУ-ын сөрөг хүчний удирдагч хүзүүндээ хутгалуулжээ

Aдмин / Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Ардчилсан намын дарга И Жэ Мён өнөөдөр өглөө Пусан хотод хэвлэлийнхэнд ярилцлага өгч байх үедээ халдлагад өртжээ. Гэмт этгээд И Жэ Мёны хүзүүн тус газар хутгалсан тухай хэвлэлүүд мэдээлж буй. Эх сурвалжуудын мэдээлснээр И Жэ Мёныг халдлагад өртсөнөөс хойш 20 минутын дараа Пусаны Үндэсний их сургуулийн эмнэлэгт хүргэжээ. Эмнэлэгт хүргэгдэх үедээ сөрөг хүчний удирдагч цус их алдсан ч ухаан алдаагүй байжээ.

Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүсийн гол боомт Пусан хотод И Жэ Мён сэтгүүлчдийн асуултад хариулж олон хүн түүнийг тойрон хүрээлсэн үед 10:27 минутад халдлага болсон. Уг халдлагаас өмнө Ардчилсын намын дарга Пусаны Гадеок арал дээр баригдаж байгаа шинэ нисэх буудлын барилгын ажлын үйл явцтай танилцсан юм.

Уг халдлагыг үйлдсэн 50-60 орчим насны эрэгтэйг хэргийн газраас баривчлан саатуулсан. Хэргийн газарт байсан гэрчүүдийн ярьснаар уг сэжигтэн И Жэ Мёны дэмжигчдийн дунд байсан бөгөөд гарын үсгээ өгөхийг хүсэж түүнийг хутгалах хэмжээнд ойртжээ. Улмаар түүний хүзүү рүү 20-30 см урт хүйтэн мэсээр хутгалсан байна.

Ардчилсан намын гол өрсөлдөгч БНСУ-ын Ардын эрх намаас 2022 онд сонгогдсон Ерөнхийлөгч Юн Сук Ёл нь И Жэ Мёны биеийн байдалд ихээхэн сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, цагдаа хүчний байгууллага болон холбогдох албан тушаалтнуудад хэргийг нухацтай мөрдөн шалган, хохирогчийн эрүүл мэнд эмчилгээнд анхаарал хандуулахыг тушаажээ. Мөн Ерөнхийлөгч ийм төрлийн халдлага хүчирхийллийг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрч, тэвчиж болохгүй гэж анхааруулсныг хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ.

Өмнөд Солонгосын Ардчилсан намын удирдагч 59 настай И Жэ Мён нь өнгөрөгч 2022 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж маш бага хувиар буюу 0,73 хувиар ялагдал хүлээсэн улс төрч юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд урьд өмнө ийм бага саналын зөрүүтэй өрсөлдөөн болж байсан удаагүй. Тэрээр Ардчилсан намыг удирдахаас гадна Үндэсний Ассамблейн гишүүн. Хэдийгээр өнгөрсөн сонгуульд ялагдал хүлээсэн ч 2024 оны бүх нийтийн сонгуульд намаа төлөөлөн дахин өрсөлдөж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай улс төрч юм.

И Жэ Мёныг нэг сая оршин суугчтай Соннам хотын дарга байхдаа үл хөдлөх хөрөнгийн төсөлд хувийн компаниудад хууль бусаар ашиг орлого хуваарилсан хэрэгт прокурорууд буруутгаад байсан. Гэвч тэрээр авлига, албан тушаалтай холбоотой энэ мэтчилэн өөрийнх нь тулгасан хэргүүдийг эрс үгүйсгэж, улс төрийн сэдэлтэй үйлдэл хэмээн байр сууриа хамгаалсаар иржээ.

Өнгөрсөн есдүгээр сард түүнийг шүүх хурлын өмнө баривчлах шийдвэр гаргасан боловч И Жэ Мён гурван долоо хоногийн турш өлсгөлөн зарласны дараа шүүх шийдвэрээ цуцалсан. Прокурорууд түүний хэргийг мөрдөн шалгах ажлаа үргэлжлүүлж байгаа юм. И Жэ Мён өлсгөлөн зарласныхаа дараа биеийн байдал нь муудаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байжээ.

Уг хэрэг гарсны дараа Өмнөд Солонгосын Ардчилсан нам мэдэгдэл хийлээ. Намын хэвлэлийн төлөөлөгч Квон Чил Сэүн уг халдлагыг намын даргын эсрэг үйлдсэн терроризм төдийгүй Өмнөд Солонгосын ардчилалд ихээхэн аюул заналхийлж буй үйлдэл боллоо хэмээн мэдэгджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.