Оросын төвийн бүс нутгуудад дулаан, цахилгаан тасарчээ
Москва мужийн эрх баригчид Подольск хотын Климовск хорооллын халаалт тасарсан асуудлыг үндсэндээ нэг өдрийн дараа мэдсэн гэж Москва мужийн дэд захирагч Евгений Хромушин өнгөрсөн ням гарагт мэдэгджээ. “Москва мужийн дулаан хангамжийн нэгдсэн хяналтын системд энэ нөхцөл байдлын талаарх мэдээллийг оруулаагүй нуусан байлаа. Бид бараг бүтэн өдрийн турш энэ талаар мэдээгүй байсан. Халаалт тасарсан талаар олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн оршин суугчдад баярлалаа. Бид нөхцөл байдлыг ойлгосон даруйдаа шуурхай штаб байгуулж, онц байдал зарласан " гэж Е.Хромушин онцлон тэмдэглэжээ.
Болсон явдлыг тодруулбал, Подольск хотын "КСПЗ" компанийн уурын зуухны дулааны шугамд гарсан ослын улмаас нэгдүгээр сарын 4-нд 173 байшин барилга халаалтгүй болсныг нэгдүгээр сарын 5-нд мэдэгдсэн байна. Энэ өдөр Москва мужид агаарын хэм -20-иос доошилж хүйтэрсэн аж.
Удаан хугацаагаар халаалтгүй байсны улмаас нэгдүгээр сарын 6-нд Климовск хороололд онцгой байдал үүсжээ. Хотын дарга Григорий Артамоновын хэлснээр, онцгой байдлын багийнхан шөнөжин ажилласан байна. Бямба гаргийн үдээс хойш уурын зуухны ажиллагааг хэвийн горимд оруулж, байшингуудын халаалтыг холбох ажил эхэлжээ.
Климовск хорооллын хувийн уурын зуухыг хотын захиргааны мэдэлд шилжүүлж, халаалт тасарсан орон сууцны оршин суугчдын нэгдүгээр сарын дулааны төлбөрийг тэглэнэ гэж Москва мужийн захирагч Андрей Воробьевын хэвлэлийн алба өчигдөр мэдээлжээ. Үүнээс гадна, ослын улмаас цахилгаан халаагуур хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн оршин суугчдын цахилгааны хэрэглээний төлбөрийг өнгөрсөн 12 дугаар сарын дүнгээр тооцно гэжээ. Москва мужийн дэд захирагч Евгений Хромушиний хэлснээр, ачаалал ихэссэнээс цахилгаан тасарсан тул “Mosoblenergo” компани трансформаторыг яаралтай сольж, цахилгааны тасалдлыг сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд уг засварын ажлын хугацаа нь стандартаар тогтоосон хугацаанаас хэтрэхгүй гэдгийг тодруулав.
Хүүхдүүд нэгдүгээр сарын 9-нөөс сургууль, цэцэрлэгтээ явж эхлэх тул мэргэжилтнүүд нийгэм ахуйн барилга байгууламжуудын халаалтыг аль болох ойрын үед өгөхөөр цаг нартай уралдан ажиллаж байна.
Москва мужийн захирагч Андрей Воробьевын хэлэхдээ, уг осол нь уурын зуухны эзний буруугаас болсон бөгөөд одоо хууль сахиулах байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж байна, сслын уршгийг арилгах ажилд Москва мужийн олон дүүргийн холбогдох байгууллагууд оролцож байна гэлээ.
Д.ОДОН
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
Зочин [103.57.92.52] 2024-01-10 20:50:27
Энэ мэдээ Монголчуудад ямар хүртээлтэй вэ? яах гэж ийм мэдээ орчуулж олон нийтийн сүлжээнд байршуулдаг юм бол оо?