Арванхоёрдугаар сарын жаврыг түлшний хомсдолтой давсан хөдөөнийхөн
АЙМАГ РУУ БЕНЗИН ХАЙЖ ЯВАХДАА ЗАМАА ДӨТЛӨХ ГЭЭД НУУРЫН МӨСӨНД ЦӨМРӨН ОРЖЭЭ
Өвөрхангайн замд үхчихсэн үхэр, адуу хэд хэдэн удаа таарсан. Өвсөө дарсан цастай, дээр нь жавартай учраас бог мал эхнээсээ үхэж байгаа нь тэр аж. Баянхонгор, Говь-Алтай аймгуудад харин цас багатай ч хүйтэн, мөн шуургатай байв. Харин Ховдод мал зулгаах өвстэйн дээр амны цангаа тайлчих цастай байна. Бид аймгийн төвөөс хойшоо Чандмань сум руу хөдөллөө. Идэр хүйтэн дундаа орж байгаа ч цаг агаар хасах 12 хэм байгаа нь дулаахан гэсэн үг. Өвлийн улиралд аймаг сум хооронд гэдэг нь болох шиг боллоо. Ийм төр засагтай байгаадаа гутарч явах юм. Заримдаа ч би өөрөө буруутай юм шиг санагддаг. Гэхдээ одоо нэгэнт Монголд монгол хүн болоод төрчихсөн юм чинь амьдрахгүй гээд яах билээ. Бид ч яах вэ, тэтгэвэртээ суучихсан хүмүүс. Харин үр хүүхдүүд минь ийм эх оронд үлдэнэ гэхээр өөрийн эрхгүй сэтгэл харанхуйлах юм” хэмээн цөхрөнгөө баран сэтгэгдлээ хуваалцлаа. Бид аймгийн Онцгой байдлын газар руу утсаар ярьж, тусламж дуудчихаад сум руу явахдаа гурван хүүхдийг нь суулгаад хөдөллөө. Сүүлд утсаар холбогдоход “Онцгойгийнхон түргэн ирсэн. Эхнэр бид хоёр автомашинаа татуулж гаргаад чирүүлээд аймаг орсон. Хабрид автомашин болохоор батарей, мотор гээд хамаг юмыг нь солихоос нааш асахгүй гэж байна лээ. Тэр сэлбэгийг нь авах гэж бараг нэг автомашины үнэ зарлагадах юм билээ. Тэгэхээр нь шууд сэлбэгт хямдаар өгчихлөө. Гарах ёстой юм нь гарч байгаа юм байлгүй. Угтаа бензин, түлш сум орон нутагт чөлөөтэй өгч байсан бол хаанаас ийм юм болох билээ. Одоо тэгээд эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүс бид хэнээсээ ч энийгээ төл гэж шаардах юм билээ” гэлээ. Бензин түлшний асуудал зөвхөн нэг айлд л ийм том асуудал болж байхад нийт иргэдийн хувьд ямар байдалтай байх нь тодорхой биз.
“ХОТ ОРОХ УНАА БАЙНА УУ”
Бид Ховд аймгийн Чандмань суманд зорьсон ажлаа амжуулчихаад буцаад аймаг орж, тэндээсээ Улаанбаатар хот руу хөдлөхөөр боллоо. Арванхоёрдугаар сарын эхний долоо хоног дулаахан байсан ч биднийг буцах үед буюу 10-12-ны өдрүүдэд дахин хүйтэрч эхэллээ. Цасан шуургатай өглөө сумын төвөөс нэг унаа олоод аймаг руу хөдөллөө. Аймагт ирээд хот руу явах санаатай фэйсбүүкээс зар хайтал ихэнх нь бензин, түлшгүй гээд зогссон байв. Дахиад л түлш, шатахууны асуудал яригдлаа. Үнэндээ Монгол Улс бензин, түлшгүй, эрчим хүчгүй бол хаана ч амьдрал таг зогсох юм билээ. Ховдоос хот руу явах санаатай хүмүүс олон. Энд тэнд л хот явах унаа байна уу гэцгээгээд л. Ингээд үдээс хойшихно нэг танил маань залгаж байна. Тэрээр “Нэг автобус хот руу өглөө хөдөлнө гэнэ. Гэхдээ замаасаа түлш олдвол орох байх гэсэн. Олдохгүй бол Говь-Алтайд бас түлш хүлээж зогсоно гэдгээ анхааруулан хэлж байна шүү. Тэр унаанд суугаад явах уу” гэлээ. Бид ч өөр аргагүй учир тэр автобусанд суугаад явахаа хэллээ. Ингээд маргааш өглөө Ховдын захаас улаан, том оврын автобусанд суугаад хотын зүг хөдөллөө. Жолооч нь Н.Баяр гэх хүн юм байна. Жолоочоос яаж түлш олсныг нь асуулаа. Тэрбээр “Манай нэг танил Хөшөөтийн уурхайд ажилладаг юм. Тэр хүнээр дамжуулаад 100 литр түлш авахууллаа. Одоо хэдүүлээ энэ түлшээрээ ямартай ч Говь-Алтай орчихно. Цаашлаад Баянхонгор бараг дөхчих байх” гэж байна. Бас л эрсдэлтэй юм ярилаа. Хот руу явах хүн их байсан ч бидний явсан автобус дүрмээ баримтлаад хүн хэтрүүлж авч явсангүй. Хол газар, дээр нь түлш ховор үед тэр нь ч зөв байх. Аймгаас биднийг хөдлөхөд нэг настай эмэгтэй “Эмээгээ аваад явчихаач ээ. Эмээ нь хотод очиж ач нараа харахгүй бол сургууль амарчихсан хэцүү байна, хүү минь” гээд жолоочоос гуйсан. Тэр эмээг л авсаныг эс тооцвол хүн бүр суудалдаа яг тоогоороо суугаад явлаа. Ховдоос Дарви ортол замын мөс, цас гайгүй байсан. Гэтэл Дарвиас цааш Говь-Алтай хүртэл ёстой нүдгүй цасан шуурга тавилаа даа. Жолооч ч болгоомжтой гэлдэрлээ. Шаргын говь, Ээвийн тал хэзээний л цас ордоггүй газар. Гэвч энэ өдөр чамгүй их цас орж байна. Автобусанд явсан хүмүүс дор бүрнээ чимээгүйхэн түгшин явлаа. Түлш хомс, дээр нь цасан шуурганаар засмалаас гарах боломжгүй том оврын автобустай явж байгаа хүмүүс шүү дээ. Бүгд л ямар нэгэн муу зүйл битгий болоосой хэмээн залбирч явах шиг. Ээвээс цаашаа хэсэг явсаар Баарангийн даваа өөд өгслөө. Бидний урдаас ирж явсан ачааны том тэрэг ёстой хөдөлж байгаа нь мэдэгдэхгүй шахам л даваа уруудаж явна. Ёстой нөгөө элгээрээ мөлхөх шахам л явж байв. Бид өгсөж байгаа ч замын гулгаа их, зарим газартаа автобус нааш цааш шарвах нь айдас хүрмээр. Юутай ч бид Говь-Алтай аймгийн төв орж ирлээ. Цасаар шуурсаар л. Колонк болгон дээр зогслоо. Түлш өгч байгаа нэг ч газар байсангүй. Ингээд цаашаа Баянхонгор хүртэл бараг 400 км. Замаасаа бага зэрэг түлш нэмэхгүй л бол аймаг орох эсэх нь эргэлзээтэй байв. Автобусанд явсан зарим зорчигчид таньдаг хүмүүс рүүгээ утсаар ярьж зам зуур түлш байгаа эсэхийг лавлав. Нэг идэрхэн насны залуу Бацагаан дээр түлш өгч байгаа юм байна гэдгийг хэллээ. Жолооч “Ахын дүү наад хүнээ түлшээ хадгалж байгаарай гээд захьчихгүй юу” гэж байна. Ингээд аймгаас цаашаа Баянхонгор руу бид хөдөллөө. Түлш, цасан шуурга гээд хоол унд идэхээ ч мартсан гэлтэй. Хүн бүр явдал дундаа өөр өөрсдийн бэлдсэн хүнсээ хэрэглэн явав. Говь-Алтайгаас цааш Дэлгэрийн тал өнгөрөөд Үнээ ус дээр уг нь хоол идэх гэж зогссон. Гэвч тэндхийн гуанзууд ажиллахгүй байв. Учир нь түлшгүй болоод аймгаас хүнсээ татаж чадаагүй байгаа гэнэ. Бас л нөгөө түлшний асуудал замын хоолны газруудыг ч зүгээр өнгөрөөсөнгүй бололтой. Түүнийг сонссон зарим зорчигчид уурлаж, үглээд автобусандаа суулаа. Монгол Улс нээрээ яаж хөгжинө дөө гэцгээх хүмүүс их байв. Зарим нь “Түлш шатахуунаа шийдэж чадахгүй байгаа хүмүүсээс том зүйл хүлээх хэрэг байна уу. Ардчилал, эрх чөлөө гээд ярьдаг. Олон гадаад хүмүүстэй уулзлаа л гэдэг. Тэгээд бидэнд наалдацтай ямар шийдвэр гаргасан бэ. Хойшоо оросуудынхаа уурыг хүргэж байгаад л түлш, шатахуунаа тасдуулаа биз дээ” гэж ярих хүн ч байна. Тэр яриаг нь дэмжээд “Оросууд биднийг боож байхгүй юу даа. Наадах чинь цаагуураа улс төр явж байгаа юм” хэмээн айхавтар геополитикийн асуудлыг хөндөх улсууд ч байх юм. Автобусан доторх хэсэг хүмүүсийн ярианаас харж байхад асуудал бидэнд биш Оросуудад байгаа юм шиг ойлгогдоно. Эрх баригч намыг дахин гаргахгүй ёсгүй шүү л гэнэ. Зарим нь МАН-аас өөр олигтой улс төрийн нам байхгүй шүү дээ. Хүссэн хүсээгүй бид МАН-ыг дахин сонгоно ч гэж мэр сэр ярьж байгаа нь дуулдлаа. Цасан шуурга үргэлжилсээр.
ХОВДООС УЛААНБААТАР ХҮРТЭЛ 1000 ГАРУЙ КМ ҮРГЭЛЖИЛСЭН ЦАСАН ШУУРГА
Угтаа Говь-Алтайгаас гараад бараг 200 гаруй км явсан ч шуурга намдсангүй. Бүр ширүүсэх маягтай. Автобусны цонхоор харж явахад нийт нутгаар цас их дарах шинжтэй. Зарим малчид малынхаа хойноос нааш цааш гүйлдээд тууж байгаа нь хүндхэн харагдав. Энэ цасан шуурган дунд яагаад явган малаа тууж, хөөгөөд байгаа нь сонин. Мотоцикльтойгоо явахаар бензингүй. Автомашинтайгаа явахаар түлшгүй. Морьтойгоо явахаар тэжээлгүй. Тиймээс явган малаа хариулж байгаа нь энэ аж. Хөдөөнийхнийг яг энэ үед л их өрөвдлөө. Үнэхээр тэдний амьдралд түлш, шатахуун ямар их хэрэгтэй байдгийг мэдрэх шиг. Чандмань, Дарви суманд ажиллаж байхад түлш, шатахуунаас болоод өвөлжөөндөө буугаагүй айлууд ч их байсан. Идэр есийн хүйтнээр өвөлжөөндөө буугаагүй гэхээр ямар хүндхэн өвлийг туулж байгаа нь ойлгомжтой биз ээ. Бид явсаар Бацагаан сум орж ирлээ. Нөгөө залуугийн түлш ашгүй байж байна. Гэхдээ гучин литрийг л өгнө гэнэ. Чамлахаар чанга атга гэгчээр нэмүүлж аваад цааш явлаа. Шөнө дөлөөр Баянхонгорт ирлээ. Энд ч түлш алга. Шөнөжин бүх колонкоор түлш хайж яваад олдсонгүй. Яах ч аргагүй эндээ бид хонохоор боллоо. Автобусны жолооч тэр хугацаанд ийш тийшээ ярьж түлш сураглаж байна. Хүн болгоны ад үзээд байдаг “хувийн” гэх тодотголтой колонк байдаг даа. Угтаа бүх колонк л хувийнх. Гэхдээ “Хөрс” гээд колонкийн түгээгчтэй жолооч ярьж байна. Тэдний хэлж байгаагаар өглөө түлш ачсан машин орж ирнэ гэлээ. Бид хүлээж байгаад авахаас өөр аргаггүй. Харин ч өглөө ирж байгаа нь бидний хувьд баярт мэдээ юм. Ингээд аймагт зарим нь автобусанд зарим нь таньдаг айлдаа, зарим нь гуанз, буудалд орж хонолоо. Өглөө 10 цагийн үед мөнөөх түлш ачсан автомашин орж ирэв. Ингээд түлшээ аваад бид хот руу хөдөллөө. Бас Өвөрхангайгаас жаахан нэмэхгүй бол яг таг Улаанбаатар хот хүрэхгүй гэдгийг жолооч хэллээ. Явсаар Өвөрхангай орсон ч бас л түлш байсангүй. Цааш явлаа. Элсэн тасархай, Эрдэнэсант бас л түлшгүй явсаар Лүн орлоо. Харин аз болж Лүнгийн “Сод” түлш өгч байна гэнэ. Бушуухан яваад очтол бас л гучин литрийг өгнө гэлээ. Түүнийг нь аваад хот арай ядан орж ирлээ дээ. Ховдоос гарахад цасан шуурга нүдсэн. Хотод орж иртлээ шуурга намдсангүй. Баянхонгорт бол айхавтар цасан шуурга болж, зарим газар зам ч тасарч байсныг бодохоор айдас хүрэх шиг. Арванхоёрдугаар сарын жаврыг түлш шатахууны хомсдолтойгоор арай ядан Ховдоос хотод ирсэн бидний зам ийн хүнд, эрсдэлтэй нөхцөлд байлаа. Гэхдээ бид ч төв замаас холдолгүй явж ирцгээсэн хүмүүс. Харин төв зам битгий хэл төв суурин газраасаа хол, уулын мухарт, талын голд хэдэн малынхаа төлөө амиа өгөхөөс наагуур яваа хөдөөнийхөнд энэ сарын жавар, бензин, шатахууны хомсдол амьдралд нь ямар том бэрхшээл дагуулсаныг хэн ч мэдэхгүй биз ээ…
Э.МӨНХТҮВШИН
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [192.82.65.88] 2024-01-10 12:14:24
Хятдууд, оросууд ер нь гаднаас хамааралтай болж дууслаа. Өөрсдөө хийж чаддаг зүйлгүй боллоо. Ядаж малчид морио унаж маллаа хариу л даа. Морио мотоциклоор солиод, жинхэнэ малчингүй болоо. Удахгүй хужаа нар орж ирээд бүх малыг нь худалдаж аваад, монгол хүн монгол нутагтаа амьдрах боломжгүй болно, Израйлд хөөгдөж дарлуулж байгаа Палестин шиг болох байх даа. Монгол хүн морио унаад, малаа маллаж амьдарч байгаа цагт хэнээс ч хамааралгүй амьдрах учиртай. Гэвч...
Зочин [203.98.76.249] 2024-01-11 10:19:37
хамаг эмээл хазаар сураа үзэсгэлэн болгоод хотын баряхуу баячуудад зарчихсан малаа хөллөх хэрэгсэлгүй байгаа.