Аялагч Б.Мөнхцэлмэг: Би өлсгөлөнд нэрвэгдсэн орнуудаар аялж, ядуурлын шалтгааныг нь харуулахыг хичээж байна

Aдмин / Нүүр

Африк тивийн ядуу буурай орнуудаар ганцаараа аялж, тухайн улс орнуудын ядуурлын шалтгааныг судалж буй “Exploring Africa” төслийг санаачлагч Б.Мөнхцэлмэгтэй ярилцлаа.


-Та одоогоор хэдэн орноор аялаад байна, яагаад зөвхөн буурай хөгжилтэй орнуудаар аялах болсон бэ?

-Одоогоор миний бие арав гаруй орноор аялаад байна. Миний хийдэг аяллын гол онцлог нь монголчууд очдоггүй, Монголчууд байтугай дэлхийн бусад улс орнуудаас аялагчид очдоггүй орнуудаар аялах юм. Ядуу буурай, өлсгөлөн ихтэй орнууд руу тухайн нутгийн иргэдийн амьдрал дунд орж нөхцөл байдлын харах, бусалтай хуваалцах зорилготой. Манай аялагчид, төр засаг маань ч гадаадад аялах, айлчлах үеэрээ өндөр хөгжилтэй орнуудаас туршлага судалж байдаг. Би харин ямар алдаа гаргавал ядуурдаг вэ гэдгийг харуулах гэж хичээж байна. Би тэдгээр хүнд хэцүү нөхцөл байдалтай орнууд руу очих үед нүд халтирам дүр зураг олон байдаг.

-Та ямар зорилгоор аялдаг вэ. Цаашдаа аялах ямар төлөвлөгөөтэй байна?

-Миний зорилго бол дэлхийн бүх улсаар аялах, тухайн улсын ард иргэдийн ахуйн амьдрал дунд орох юм.

Зорилгоо амьдрах орчин нөхцөл хамгийн хүнд хэцүү байдаг улсуудаас эхлүүлж байгаа. Хөгжилтэй орнууд руу олон хүмүүс туршлага судлах гээд очдог. Яавал хөгжих вэ гэдгийг тэдгээр хүмүүс мэдэж байгаа. Зовлонгийн түргэн нь дээр гэдэг дээ. Хамгийн ядуу буурай орнуудаар эхлүүлээд, дараа нь хөгжингүй, аюул эрсдэл багатай улсуудаар явна.

Энэ жилдээ Ойрхи Дорнодын улсууд буюу Афганистан, Ирак, Сири гэх мэт улсуудаар явах төлөвлөгөөтэй байна. Дараа жил Латин Америкийн Венесуэль, Хаити гэх мэт улсуудаар явна. Монголд байдаггүй болохоос бусад орнуудад над шиг аялагч хүмүүс зөндөө байдаг. Дэлхийн ядуу, буурай орнуудаар явж бичлэг хийдэг, нутгийн айлуудаар зочлоод явдаг. Энэ төрлийн контент нь Монголд хараахан хөгжөөгүй байна, би чадах чинээгээрээ хийгээд явж байна даа. Хувийнхаа камераараа дүрс бичлэг хийгээд, нутгийн айлуудаар ороод бодит байдлыг бусадтай хуваалцаж байна. Монголд анх Амай гэдэг залуу ийнхүү аялаж байсан юм. Амайгийн хувьд тухайн үед интернэтгүй, камергүй аялдаг байсан. Гэхдээ Амай аяллынхаа тухай ном гаргасан. Би тэр хүний бүх номыг нь уншсан. Энэ чиглэлээр аялдаг, бичлэг хийдэг хоёр дахь аялагч би бололтой.

-Хэл хэрхэн нэвтрэлцэж байна. Орчуулагчтай юу?

-Миний англи хэл сайн биш боловч англи хэлтэй тухайн орнуудын хөтөчтэй явж байгаа. Хөтөчүүдтэйгөө англи хэлээр ойлголцож болоод л байна. Хамгийн гол нь эдгээр аюултай, гэмт хэрэг, зөрчил өндөртэй орнуудаар аялахдаа инээмсэглэж сурах хэрэгтэй. Орчуулагч байхгүй. Танихгүй хүнтэй харц тулах үедээ инээмсэглээд, эх хэлээр нь мэндчилэх үед нутгийн иргэд их дуртай байдаг. Англи хэл сайн сураагүй маань асуудал болж байна. Би өөрөө орос хэлээр ярьдаг. Ямар ч улс оронд англи хэлээр ярьдаг хүн байдаг. Аялах улсдаа очихоосоо өмнө хөтөч хүнээ хайгаад, олсон хойноо тэр улс руугаа явдаг.

-Тэдгээр улсын ядуурлын шалтгаан юу вэ?

-Миний аялсан улсуудын авлигын индексийг харвал бүгд сүүл мушгидаг. Ихэнх нь 150-иас хойш бичигддэг байдаг. Авлигал ихтэй улс ядуу байдаг юм байна, ядуу улс авлигал ихтэй байдаг. Ийм зүй тогтол, нийтлэг шинж чанар хамгийн түрүүнд ажиглагдсан. Африкт байгаа ихэнх орнууд яагаад усны хомсдолтой байдаг вэ гэхээр гүний усны бохирдолтой. Газрын гүнээс ямар ч цэвэр ус гарахгүй гэхээр харамсалтай байгаа биз. Мөн байнгын халуун уур амьсгалтай. Тиймээс усны хомсдолтой байдаг. Ард иргэд нь улстөрчдөө маш их дэмждэг. Зимбаб гэдэг орны худалдааны захаар явах үед ерөнхийлөгчийнхөө зурагтай пудволк өмссөн иргэд явах жишээтэй. Ядуу байлгаж байгаад тархийн хэвлэл мэдээллээр дамжуулж зад угаадаг юм байна. Үр дүнд нь ард түмэн байгалийн баялгаа хулгайлуулаад, цөөхөн хүмүүс баяждаг. Байгаль, цаг уур их олон зүйлийг шийдвэрлэдэг.

-Монгол Улсыг эдгээр улстай харьцуулбал?

-Монгол бол хамаагүй сайхан орон. Бидэнд өлсгөлөнгийн аюул түүхэндээ байгаагүй, цаашдаа ч байхгүй. 60 сая малтай. Монгол Улс өрний ядууралтай. Халамж, хангамж гэж тэр улсуудад байхгүй. Манай оронд хүмүүс ажил хийхгүй амьдарч болоод байна шүү дээ. Халамж, хорооноос хүнсний талон авна. Эмнэлэг ч гэж байхгүй. Хүүхдийн эмнэлэг нь гэр хорооллын эзгүй байшин шиг. Монгол бол тэдгээр орнуудтай харьцуулахад хамаагүй жаргалтай орон юм. Африк шиг болох уу, эсвэл хөгжих үү гэдэг төр засгаас л хамаарах юм байна. Монгол амьдралын чанарын хувьд дундаж улс юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Баян улс биш гэхдээ айхтар ядуу улс биш.

Монгол Улс хөгжих үү, эс хөгжих үү гэсэн салаа замын уулзвар дээр ирээд байна. Монгол Улс хэрхэн зөв замаар явах вэ гэсэн асуултын хариултыг олох гэж явна.

-Ундны цэвэр усны асуудлаа яаж шийдэж байв, халуун орны халдварт өвчнөөс хэрхэн сэргийлж байна?

-Цэргийн эмнэлэг дээр хулхайны урьдчилан сэргийлэх эм байдаг. Тэр эмийг хэрэглэдэг. Мөн ХӨСҮТ дээр шар чичрэг гэдэг өвчний эсрэг вакцин хийдэг. Эрүүл мэнд талаасаа ийнхүү өөрийгөө хамгаалдаг. Тогтмол ус ууж явдаг. Усгүй газар бол дэлгүүрт нь ус зарж байдаг. Усаа маш сайн нөөцөлж авах хэрэгтэй. Дэлгүүрт нь зарагдаж байгаа усны үнэ Монголоос гурав дахин үнэтэй шүү. Зимбаб улсын мөнгө тэмдэгт инфляциас болоод ямар үнэ цэнэгүй. Тиймээс өөрсдийн мөнгөн тэмдэгтийг хальж доллар ашиглах болсон, нэг савтай ус гэхэд л нэг доллар байсан. Нэг килограмм төмс долоон доллар гэх мэт. Энэ бүхний шалтгаан авлигал, далайд гарцгүй, эрх баригчид ард иргэдийнхээ тархийг зад угаадагт байгаа юм.

-Зуун доллароор юу хийж болох вэ?

-Мадагаскарт хүн өдөрт нэг доллароор цалинжина. 30 өдөр ажиллаж байж 30 доллар авах юм. Өлсгөлөнд нэрвэгдэхгүй байх аргагүй, ямар ч ажил хийсэн. Ажилгүйдэл маш их. Бараа бүтээгдэхүүний үнэ маш өндөр. Ямар нэг байдлаар тэдгээр хүмүүс төмс болон будаа тариалдаг. Усны хомсдолтой учраас усалгаа хийх боломжгүй, борооноос шууд хамааралтай. Хэт их бороо ороод үер болбол шууд өлсгөлөн. Эсвэл хэт их нар гараад байвал ган болно. Ургацаа авч чадахгүй. Нэгт эдийн засгийн орчин, хоёрт байгаль цаг уур. Газар зүйн байршил нь их азгүй улсууд байна. Мадагаскарт бол зуун доллароор хангалттай гурав хоног буудалд байрлаад хоол ундаа дааж болно. Зимбаб улсад бол ганц хонож чадахгүй. Мадагаскарт бол зуун доллароор зуун хүүхэд баярлуулж болно. Би хөтөчдөө өгөөд хүүхдүүдэд мөнгө өгүүлсэн. Тэдгээр хүмүүс гэр оронгүйчүүдийн төв дээр үнэгүй унтах газар, үнэгүй хоолны хариуд цалингүй ажил хийж амьдарч байна шүү дээ.

-Аяллын үед тохиолдсон хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?

-Би анхны аяллаараа онгоцноос буух үед нэвтрэх дээр намайг нэр өрөө рүү буутай цагдаа дагуулаад орсон. Миний бүх ачааг задлаад, бичиг баримтыг маань бас хураагаад авсан. Гол зорилго нь авлигал авах гээд байсан. Нэг цагдаа арван доллар, нөгөө цагдаа 20 доллар надаас авсан. Африкт газардсан улс болгондоо авлигал өгсөн. Сүүлдээ бүр дассан. Өдөр явж байх үед цагдаа нар зогсоогоод заавал мөнгө авч байж салдаг. Америкийн мотоцикльтой аялдаг нэгэн бүсгүй Нигер явж байх үед нь хоёр цагдаа авлигал авах гээд зогсоогоод нөгөө бүсгүй нь бичлэг хийгээд олон нийтийн сүлжээнд тавьсан байгаа юм. Тэр хоёр цагдаа нь шоронд орсон. Африкийн орнуудын хамгийн хэцүү зүйл нь авлига.

-Хамгийн дулаахан дурсамж юу вэ?

-Нэг танихгүй филиппин залуу намайг хоёр километр шахам дагаж очих газарт маань хүргэж өгсөн. Тийм гоё тусархаг. Хүмүүс нь маш найрсаг, нөхөрсөг “манайд ороод ир, биднийг яаж аж төрдөгийг үзэж хар” гэж хэлж байсан.

-Африкийн орнуудад хүүхдийн эрх хамгаалагдаж байна уу?

-Тэнд байгаа хүүхдүүдэд ямар ч эрх мөн ирээдүй байхгүй санагдсан. Мадагаскарт хүүхдийн албадан хөдөлмөр, хүүхдийн наймаа, хүүхдийн бэлгийн хүчирхийлэл маш их байсан. Тухайлбал чулууны уурхай дээр хүүхдүүд ээж, аавтайгаа хар ажил хийж байсан. “Хүүхдүүдийнхээ ирээдүйг яаж харж байна” гэж асуухад хэн ч гэгээлэг зүйл хэлээгүй. Хүн хаана төрөх нь хувь тавилан юм байна. Хэрвээ бид Мадагаскарт төрсөн бол ямар ч сонголтгүйгээр хэцүү амьдралтай нүүр тулах байжээ.

Н.Нарванчин

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [103.215.14.2] 2024-01-22 10:26:35

Барууны өндөр хөгжилтэй гэх улсууд Африкийг олон зуун жил юуч үгүй болтол нь тонон дээрэмдсэн нь түүхийн үнэн шүү.

Зочин [103.57.92.210] 2024-01-22 00:47:48

Өлсгөлөнд нэрвэгдсэн гэх Африкын орнуудын иргэд маш өндөр болтлоо өссөн байдаг. Тиймээс Монголын ядууст анхаарах нь илүү зүйтэй.

Зочин [202.9.46.198] 2024-01-22 06:35:05

Энэ муу хар хүмүүсийг устгамаар байна

zochin [103.212.116.36] 2024-01-21 21:26:29

Mongol mandan badarch xogjix boltugai

Зочин [202.9.46.198] 2024-01-21 19:26:00

Африкт дундаж давхарга гэж байдаггүй. Африкт дээд давхарга доод давхарга л байдаг.

Зочин [202.126.91.59] 2024-01-21 17:59:17

Авилгал бол бусад Баян Улсуудын оршин тогтнох үндсийн үндэс мөн.

Зочин [202.9.46.198] 2024-01-21 19:03:25

Африк америкийн тоглоомын орнууд.

Зочин [202.9.46.198] 2024-01-21 15:40:04

Африк монголд азгүй хүн төрнө.

Зочин [202.126.90.36] 2024-01-21 13:25:43

Монголдоо ирж гудамжиндаа Сү гээ өмөарч хуцахгүй яав Мөнхцэлмэгээ

Баруунханыг [202.55.188.37] 2024-01-20 20:33:30

Барууныханыг дагавал иймл болдог юм

зочин [202.9.46.77] 2024-01-20 19:01:44

Энэ африкыг харвал дэргэд нь Та нар жаргаж байна лалруудаа гээд байгаан биш үү, МАН ын тролл юм биш үү Дарга нараа магтах гэж явсан уу

huz [202.21.108.22] 2024-01-21 11:52:16

jargaj bgaan ni unen temtsvel dubai shig bolno tenegee

Зочин [202.9.46.199] 2024-01-20 14:07:57

Монгол хүссэн хүсээгүй африкийн араас орно.

Зочин [66.181.185.187] 2024-01-21 10:42:42

Дэмий донгос. Билэггүй үг бүү хэлж бай.

Зочин [66.181.182.78] 2024-01-20 13:40:15

Олон жилийн колончлолын үр дүн. Яагаад өнөөдөр Европын орнууд, бас АНУ ийм баян байна. Тэд олон жил хар Африкийн баялагыг нь дээрэмдсэнээс... хүн ардыг нь боолчилсоноос

Зочин [172.104.177.156] 2024-01-20 19:53:14

unen

Зочин [202.9.46.199] 2024-01-20 14:07:10

Барууны элитүүд африкийг дээрэмдсэн.

huz [66.181.180.236] 2024-01-20 12:29:54

mundag amjilt husye. mgl oron mandan badrag


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.