Б.Солонгоо: Оюу толгой компанид нэмж 280 тэрбум орчим төгрөгийн татварын акт гаргасан

Aдмин / Нүүр

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоотой ярилцлаа.


-Энэ удаагийн Засгийн газар байгуулагдаад гурван жил болж байна. Танай салбарт энэ хугацаанд ямар, ямар гол ажлууд хийгдсэн бэ?

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд салбарын хэмжээнд хийгдсэн ажлуудыг дурдвал маш урт жагсаалт гарна. Хууль зүйн бодлогын хүрээнд 2021 оноос хойш Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 47 хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлснээс 31 хуулийн төсөл батлагдсан. Одоо 17 хуулийн төсөл боловсруулах шатанд байна. Манай яам хууль зүйн бодлогын хүрээнд хувийн эрх зүйн шинэчлэлд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байгаа. Арилжааны ерөнхий хуулийн төсөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Компанийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл зэрэг төслүүд дээр ажиллаж байна.

Мөн энэ хүрээнд Монгол Улс 1926 онд үүсгэн байгуулагдсан олон улсын нэр хүндтэй судалгааны байгууллага болон Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэн буюу UNIDROIT-ийн 65 дахь гишүүн орон болсон. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр хуулийн хэд

хэдэн шинэчлэл хийгдсэн. Тухайлбал, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр улсын өмгөөллийн буюу төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх хүртээмжийг нэмэгдүүлсэн. Түүнчлэн, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга ноднин жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн Шүүх шинжилгээний ерөнхий газар болон агентлаг хэлбэрээр зохион байгуулагдаж, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох зэрэг шинэ үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.

-Намрын чуулганы төгсгөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аас баталлаа. Гол онцлог нь юу вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүд намрын чуулганаар энэ долоо хоногт батлагдсан. Гол онцлогийг дурдвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд бага үнийн дүнтэй маргааныг илүү хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан. Ингэснээр шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн ачаалал буурах, иргэд маргаанаа шийдвэрлүүлэхэд хугацаа алдахгүй байх чухал ач холбогдолтой.

Цаг хугацаа алдаж маргаан шийдвэрлүүлэх нь тухайн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхүгй байхтай агаар нэг гэсэн үг байдаг. Тиймээс иргэний маргааныг шийдвэрлэхэд хугацаа их алддаг асуудлыг шийдвэрлэхэд тодорхой ахиц гарч байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүний халдашгүй байх эрхийг хангах зорилгоор сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах үндэслэл, процесс, болон гомдол гаргах процессыг тодорхой болгож, цагдан хорих хугацаа, процесс, цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахтай холбоотой өөрчлөлтийг тусгаж, шүүхийн хяналтыг нэмэгдүүлсэн. Түүнчлэн, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгосон. УИХ-аас батлагдсан хувилбар албан ёсоор хэвлэгдсэний дараа илүү тодорхой мэдээллийг манай яамнаас өгөх болно.

-Энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа ямар, ямар хуулиуд байгаа вэ?

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Улс төрийн намын тухай хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай буюу тендерийн хууль зэрэг хэд хэдэн томоохон хууль хэрэгжиж эхэлж байна. Мөн манай яамнаас хүүхдийн эрхийг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Эрүүгийн болон Зөрчлийн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж УИХ-аар баталсан. Тухайлбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд ногдуулах хариуцлага, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ногдуулах хариуцлагыг чангатгасан. Зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өршөөл үзүүлэхгүй байх, хугацаанаас нь өмнө суллахгүй зэрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд орсон. Хууль зүй, дотоодын хэргийн яамнаас сүүлийн хоёр жилийн хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчны шинэчлэлд анхаарлаа хандуулж ажилласан. Эрүүгийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгасан нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 2022 оны 12 дугаар сард УИХ-аас баталсан. Мөн 2023 оны хаврын чуулганаар ашиг сонирхлын хууль гэж хэлж заншсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталсан. Үүгээр төрийн өндөр албан тушаалтан болон гэр бүлийн гишүүд нь төрөөс олгож байгаа хөнгөлөлттэй зээл, хөтөлбөрт хамрагдах, тендерт оролцохыг хязгаарласан зохицуулалт тусгасан.

-Таны хэлснээр энэ жил сонгууль болно. Тэгэхээр шинээр хэрэгжиж эхэлсэн Улс төрийн намын тухай хуулийн гол онцлог юу вэ?

-Гол онцлог нь энэ хуулиар улс төрийн намын санхүүжилт болон үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох дээр анхаарсан зохицуулалтууд нэмэгдсэн. Нөгөө талаасаа улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан. Ер нь улс төрийн намуудын санхүүжилт ил тод болсноор сонгууль шударга, нээлттэй болох суурь бүрдэнэ. Нэмээд сонгуулийн үеэр зарцуулсан хөрөнгийн хэмжээ, эх үүсвэрийг ил тод, нээлттэй болгох авлигатай хийж байгаа тэмцэл чухал ач холбогдолтой. Мөн улс төрийн намуудыг төлөвшүүлэх, институцийн хөгжлийг дэмжих нь манай ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ нь улсын тогтвортой хөгжилд ч чухал хувь нэмэр болно.

-Эрүүгийн хуульд ойр, ойрхон гар хүрээд байгаа нь ямар учиртай юм бэ. Ингэх нь хэр зөв зүйтэй байдаг вэ?

-Эрүүгийн хууль болон эрүүгийн процессын хуулиуд хууль зүйн бодлогын хувьд чухал хуулиуд. Бид өнөөдөр асар хурдтайгаар өөрчлөгдөж буй технологийн дэвшил, нийгмийн өөрчлөлт дунд амьдарч байна. Үүнийгээ дагаад тодорхой хуулийн зохицуулалтыг эргэн харж, илүү оновчтой зохицуулах шаардлага гарч байна. Нөгөө талаасаа олон улсын гэрээгээр Монгол Улсын хүлээсэн үүргүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулаад нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдол ч байдаг. Мэдээж хууль тогтвортой хэрэгжих ёстой. Гэхдээ огт өөрчлөгдөхгүй хэрэгжих ёстой гэсэн үг биш. Огт өөрчлөхгүй байх нь эргээд олон сөрөг үр дагавар авчрах ч эрсдэлтэй. Тиймээс олон талын судалгааг хийж тухайн зохицуулалтыг илүү сайжруулахын тулд эдгээр төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлдэг.

Засгийн газрын зүгээс сүүлийн жил гаруйн хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд улс төрийн хүсэл, зориг гаргаж ажиллаа. Тиймээс Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгасан нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахгүй, харин ч нийгмийг цочирдуулсан хэрэг гарч байна. Түүнчлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох иргэдийн тоо улам өсөн нэмэгдэх хандлагатай байсан нь иргэдийн эрүүл мэнд, хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулж байсан учраас хуулийн зохицуулалтыг эргэж харах шаардлага үүссэн. Холбогдох хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, гэмт хэргийг бууруулах зорилготой.

-Манай улс Оюу толгой компанитай татварын маргаантай, арбитрын шүүх дээр байгаа. Та Оюу толгойн гүний уурхайн нээлт дээр ноднин жилийн наймдугаар сард шийдэгдчих байх гэсэн байр суурийг хэлж байсан. Тэгвэл энэ асуудал өнөөдрийн байдлаар яг юу болсон бэ?

-Ноднин жилийн 12 дугаар сарын 31-нд арбитрын маргааныг түр түдгэлзүүлээд байсан хугацаа дууссан. Тэгэхээр энэ арбитрын маргаан хуваарийн дагуу үргэлжилж байна гэж ойлгож болно. Засгийн газраас “Оюу толгой” ХХК-д ногдуулсан татварын актуудыг үндэслэлтэй гэж үзээд маргаанд байр сууриа хамгаалах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Рио тинто компани “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшигчийн хувиар энэ маргааны явцад идэвхтэй оролцдог. Мөн 2023 оны 12 дугаар сард “Оюу толгой” ХХК-ийн 2019, 2020 оны татвар төлөлтөд Татварын албанаас хяналт, шалгалт хийж, нэмж 280 тэрбум орчим төгрөгийн акт гарсан. Шинээр гарсан татварын актад туссан зөрчлүүд маргаантай байгаа өмнөх хоёр татварын актын зөрчлүүдтэй адил учраас “Оюу толгой” ХХК арбитрын маргааны нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх магадлал их өндөр байна.

-Шүүх хурлын тов гарсан уу. Манай улс энэ маргаанд ялах магадлал хэр өндөр байгаа вэ?

-Шүүх хуралдааны товыг арбитрын бүрэлдэхүүнээс тодорхойлно. Тиймээс одоогоор шүүх хуралдааны товыг төдийд гэж хэлэхэд эрт байна. Мэдээж бид татварын актууд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа учраас энэ маргаанд өөрийн байр суурийг хамгаалж гадаадын нэр хүндтэй зөвлөх хуулийн фирмтэй хамтран ажиллаж байна. Гэхдээ энэ маргааныг Лондонгийн олон улсын шүүхийн арбитрын дүрмийн дагуу гурван арбитрч шийднэ. Тэд нотлох баримт, тайлбаруудыг хэрхэн шинжилж дүгнэн шийдвэр гаргахыг бид урьдчилан таамаглаж хэлэх боломжгүй юм.

-Хуулийн ямар фирм хөлсөлж ажиллуулж байгаа вэ. Мөн өнгөрсөн хугацаанд хэдий хэр хэмжээний төлбөр төлсөн бэ?

-Монгол Улсын Засгийн газар олон улсын арбитрын маргаанд хариуцагчаар оролцох тохиолдолд энэ чиглэлд мэргэшсэн олон улсын хуулийн фирмийг хөлсөлж хамтарч ажилладаг. Ингэж мэргэшсэн фирмтэй хамтарч ажиллаж байж бид өөрсдийн байр сууриа хамгаалж чадна. Өнгөрсөн хугацаанд “Хан Ресурс” компанитай холбоотой маргаанаас бусад маргаанд Засгийн газар ялж байсан. Бид “Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй татварын маргаанд Herbert Smith Free­hills хуулийн фирмтэй гэрээ байгуулан хамтарч ажиллаж байна. Олон улсын хуулийн фирмүүдийн ажилладаг тогтсон жишиг, стандартын дагуу гэрээний хөлсийг тохирсон. Харин төлбөрийн мэдээллийг одоогоор хэлэх боломжгүй байна.

-Сүүлийн үед Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан эзэмших, ашиглах гэсэн хоёр үгэн дээр их талцаж байна. Тэгвэл энэ үг маань хуульд яг ямар зааг ялгаатай ордогийг хэлж өгөөч?

-Манай Газрын тухай хуульд газрын эрхтэй холбоотой суурь зохицуулалтыг тусгасан. Уг хуульд газрыг өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн гурван төрлийн эрх байдаг. Монгол Улсад төр, иргэн газар (иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ хязгаартай) өмчлөх эрхийг эдэлдэг. Харин газар эзэмших эрхийг Монгол Улсын иргэн болон дотоодын аж ахуйн нэгжүүд эдэлдэг. Энэ эрхийг шилжүүлж, барьцаалж болдог, илүү урт хугацаагаар олгодог. Тэгвэл газар ашиглах эрх гэдэг нь хамгийн хязгаарлагдмал эрх байдаг. Тухайн зориулалтаар нь ашиглах бөгөөд харьцангуй богино хугацаагаар олгодог, шилжүүлэх, барьцаалах боломжгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж газрын ашиглах эрх авах боломжтой. Ер нь газрын эрхтэй холбооотой асуудлыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулдаггүй, Газрын тухай хуулиар зохицуулдаг.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [202.126.89.32] 2024-01-27 19:48:40

мэргэшсэн хуульч мундаг эмэгтэй эх орноо гэсэн сэтгэлтэй ажиллаарай

Иргэн [59.153.86.144] 2024-01-25 08:20:31

Маш сайн байна. Үүнээс ч илүү акт тогтоохоор байгаа даа

Зочин [211.36.142.164] 2024-01-25 07:52:11

Энэ гэж эр эм нь мэдэгдэхгүй ярьж чадахгүй авгай оюунэрдэнийн юуны үс нь ч юм оюунэрдэнэ нь энэ авгайнхаа үс ч юм уу хулгайчууд

Зочин [103.212.116.232] 2024-01-24 20:30:57

Yamar bayartai tsaarai veee

Pee [202.55.191.130] 2024-01-24 15:49:23

Tusviin tsoorhoi nuhuh bodoltoi nehemjilvuu songuuliin umnu PR hiih gej iim too gargaj irev uu?

Зочин [203.98.76.249] 2024-01-24 12:37:14

нацагийн багабандийг шалгаж хоргоогооч. энэ хүн хамаг булхайг мэдэж байгаа.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.